Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Тусгай үүргийн нислэгийг Сөүл, Франкфуртын чиглэлд үйлдэхээр болсон. Тусгай үүргийн онгоцонд ямар иргэдийг хамруулж байгаа талаарх мэдээллийг өглөө.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Ирэх өдрүүдэд явах чартер нислэгт ямар хүмүүс багтаж байгаа талаарх асуудал хүмүүсийн анхаарлыг татаж байна. АНУ-д байгаа болон Европын орнуудад сууугаа иргэдийг татан авах боломжийг хангах үүднээс Сөүлийн Инчеон онгоцны буудлаар дамжуулан транзит нислэг үйлдэхээр болсон. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-нд буюу маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлээр зөвхөн транзит зорчигчид буюу нийт долоон улсаас 273 зорчигч ирнэ. Тавдугаар сарын 1-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр зөвхөн БНСУ-д оршин сууж байгаа 271 иргэн ирнэ. Мөн тавдугаар сарын 3-ний өглөө Франкфурт-Улаанбаатарын нислэгээр нийт 13 улсаас 263 зорчигч ирнэ” гэдгийн онцоллоо.
Тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлээр зөвхөн Солонгост байгаа 271 иргэнийг авчирна. УОК-оос тавьж байгаа таван шаардлагаас гадна БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлж, саатуулах байранд байгаа 33 иргэнээ авахыг Монгол Улсаас шаардаж байгаа. Энэ арга хэмжээнд хамрагдаж байгаа 200 гаруй иргэнээс боломжоороо авч явах Солонгосын талын хүсэлтийг авч үзэхээс өөр аргагүй байгаа. Ангилаад харвал, эрүүл мэндийн шалтгаантай 23, жирэмсэн 13, өндөр настан асран хамгаалагчтай тав, хөгжлийн бэрхшээлтэй долоон, баг насны хүүхэдтэй гэр бүл 20, хүндэтгэн үзэх шалтгаантай оюутан сурагч 20 хувь, саатуулагдсан иргэд 12 хувийг эзэлж байгаа.
Тавдугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлд 13 улс орноос дамжин ирэх 263 иргэнийг авчирна. Ангилал нь, оюутан сурагч 23, эрүүл мэндийн шалтгаантай 12, жирэмсэн 15, өндөр настан асран хамгаалагчтай 20, хөгжлийн бэрхшээлтэй нэг, бага насны хүүхэдтэй гэр бүл 29 хувийг эзэлж байгаа.
Зорчигчийг сонгох Ажлын хэсэгт, ГХЯ, ЭМЯ, УОК, ЦЕГ, ТЕГ, Шадар сайдын ажлын алба, ЗГХЭГ, МХЕГ-ын төлөөллүүд багтсан. Ажлын хэсэг 24 цагт сууж ажиллаж байна. Зөвхөн 60-аас дээш настай өндөр настны тоо гэхэд л 356 буюу бүтэн нэг онгоц дүүрэхээр байсан.
Жирэмсэн хүмүүсээс маш хэцүү сонголт хийж байна. Хоёр сартай жирэмсэн хүнийг авчрах уу, зургаан сартай жирэмсэн хүнийг авчрах уу, 80 настайг нь авах уу, 70-тайг нь авах уу, хорт хавдрын нэгдүгээр шатанд байгаа хүнийг авах уу, сүүлийн шатанд орсон хүнийг авчрах уу гэдэг маш хэцүү сонголттой тулсан.
Мэргэжлийн байгууллагуудтай ярилцаж байгаад аль нэгийг сонгож байгаа юм. Эрүүл мэндийн шалтгаантай гэдэг өргөдлийг бүртгүүлсэн бүх хүн өгсөн байна. Эдгээр хүмүүсээс сонгохдоо эрүүл мэндийн баримт, шинжилгээ дүгнэлтийг шалгаж, хуурамчийг нь илрүүлж хасалт хийсэн. Нэгийг баярлуулж, нөгөөг гомдоох зайлшгүй сонголттой тулж байна
М.Баяр