Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд асан, Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн билээ.
Тэгвэл түүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал НПГ-аар дамжин Улсын ерөнхий прокурорт хүргэгдсэн талаар хэвлэлүүд мэдээллэж эхлээд байна. Харин Ж.Эрдэнэбатын ойрын эх сурвалжууд уг мэдээллийг үгүйсгэж байгаа аж.
Түүнийг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж, АТГ-ын мөрдөгчийн дуудсан цагт ирэхгүй, утсаа таслан хаана байгаа нь тодорхойгүй учраас ийм арга хэмжээ авхуулах хүсэлт гаргаж буй аж.
Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцоод байгаа тухай хэвлэлээр гарч буй мэдээллүүд дурьдаад байна.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт буруутгасан аж.
Мэдээллийг эргэн сануулахад дээрх асуудалтай холбоотойгоор 2019 оны 10 сард Ньюс.мн сайтад тодруулга өгөхдөө холбогдоод буй асуудлаа үгүйсгэж чадаагүй юм. Тэрбээр “Энэ оны зургадугаар сард сошиал орчинд мэдээлэл гарсантай холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар, Булган аймгийн Тэшиг сумдын нутаг дээр улсын тусгай хамгаалалтай газарт лиценз эзэмшиж байсан компаниудыг зөвшөөрлийг цуцалж, өөр компанид нөхөн олговор байдлаар олгосон. Энэ тогтоолтой холбоотойгоор тодорхой хэмжээнд хамрагдсан нэгжээс өөрийнхөө эзэмшил бүхий компани дээр лиценз шилжүүлсэн гэсэн мэдээлэл сошиалд тарсан. Энэ хүрээнд хуулийн байгууллага шалгаж байгаа. Ер нь бол Тост, тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байсан компани газар авч, хайгуул хийж үзсэн юм олдоогүй учраас өөр компанид шилжүүлсэн. Тэр нь миний ХОМ дээр байгаа компани болж таарсан. Хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Харамсалтай л буруу ойлголт төрүүлэхийн тулд зорилготой мэдээлэл явж байгаад харамсч байна. Хуучин компани нь өөр компанид эрхээ шилжүүлсэн нь манай компани байсан бөгөөд тэр талбай дээр нь мөн авсан талбай дээрээ хайгуул хийсэн ч юм олоогүй. Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сард улсад зөвшөөрлөө буцааж өгсөн. Би ямар нэг буруутай үйлдэл гаргаагүй, хэрэв буруутай үйлдэл хийсэн бол бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна. “Хэрх элч” ХХК нь миний тодорхой хувь эзэмшдэг, миний дүүгийн компани” гэсэн тайлбарыг өгч байсн юм.