Британийн Гримсбийн бага сургуулийн багш Зейн Паулс 78 сурагчийнхаа үнэгүй өгдөг үдийн цайг хүргэж өгөхийн тулд өдөр бүр 8 км алхдаг гэнэ. Уг нь тэрбээр машин унаад явж болох ч биеэрээ хүргэж өгөх нь илүү чухал гэж боддог. Мөн хөл хорио дуустал ингэж үйлчлэхэд бэлэн гэжээ.
Зейн армид алба хаагч байсан, фитнессээр хичээллэдэг нэгэн бөгөөд сургуулийнхаа захирлын туслахаар ажиллаж, сайн үйлсийн янз бүрийн спорт үйл ажиллагаанд байнга оролцдог. Хэдэн жилийн өмнө тэрбээр залууст ажил олоход тусалдаг Cat Zero санг дэмжиж, хоёр долоо хоногийн хугацаанд 2000 орчим км дугуйгаар аялсан.
“Сурагчдадаа үдийн хоолыг нь хүргэж өгөнгөө бүх зүйл хэвийн эсэхийг нь шалгадаг. Тэд коронавирусээс болоод аль болох цөөн гэрээс гараасай гэж боддог” гэж тэрбээр ярьсан байна. Мөн зай баримталж, сурагчдынхаа ар гэрийнхэнтэй нь уулзахдаа гэрт нь ордоггүй, гэхдээ эцэг эхчүүдтэй нь үргэлж ярилцдаг аж. “Зарим эцэг эх нэмэлт гэрийн даалгавар ч гуйдаг” гэж багш мэдэгджээ.
Паулсын хувьд 78 үдийн хоолыг үүргэвч, торонд хийгээд авч явдаг. Ойролцоогоор 18 кг болдог гэнэ. Нэг сурагчид ногдох үдийн хоолонд хачиртай талх, жигнэмэг, уут чипс, нэг алим багтдаг. Хүнд ачаа үүрэхэд хэдий таагүй ч тусгаарлалтын нөхцөлд гэртээ байхаас өөр аргагүй болсон эцэг эхчүүдийн таагүй байдалтай зүйрлэхийн аргагүй гэжээ. Гримсбийн сургуулийн 10 сурагч тутмын дөрөв нь амьдралын бололцоогүй айлын хүүхдүүд. Тийм болохоор сургуулийн үдийн хоолыг нь хүргэх нь гэртээ хүүхдээ хараад суугаа аав ээжүүдэд гарч мөнгө олох шаардлагагүй болгох юм.
Паулсыг гурван долоо хоногийн турш ингэж явсны эцэст түүнийг нутгийн домог хэмээх дуудах болжээ. Харин Паулс энэ нэрэндээ тийм ч дуртай биш. Өдгөө түүнийг хүүхдүүддээ хоол зөөгөөд явж байхад замаар нь сурагчдынх нь хийсэн талархлын үгтэй плакат өлгөөтэй байх болжээ.