2020 оны УИХ-ын сонгуулльд Н.Номтойбаяр бие даан нэр дэвшихээр болжээ. Тодруулбал 7-р тойрог буюу Дорнод аймгийн хоёр мандатын нэгийг авахын төлөө өрсөлдөх аж.
Өмнө тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад бичигдэж ирсэн Оксфордын их сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалах зорилт тавин эрдэм номын мөр хөөхөөр шийдсэнээ дуулгаж байсан билээ. Тэрбээр тухайн үед хэлэхдээ “Оксфордын их сургуульд ойрын хэдэн жил улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаална гэж өөртөө зорилт тавиад бэлтгэл базааж байна. Дэлхийн номер нэг, тэр агуу их сургуулийг Монголоос нэг ч хүн докторын зэрэг хамгаалаагүй, маш хүнд сургууль гэхээр нь шохоорхоод гэх үү дээ өөрийгөө соримоор санагдаад байх юм. Намайг Номгүйбаяр гэж шоглодог. АНУ болон Германд нэр хүндтэй сургуулиудыг төгссөн тоодоггүй юм байлгүй. Тэгвэл Оксфордыг амжилттай төгсөхөөр юу гэх бол?. Энэ бөмбөрцгийн хамгийн мундаг нь шүү дээ” гэж байсан юм.
Харин эрдэм номын мөр хөөх гэж байсан хүн 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвших нь тодорхой болсон энэ цагт доорх тайлбарыг хийжээ.
Ингэхдээ ”Оксфорд оо хойшлуулаад сонгуульд үзэхээс өөр аргагүй байдалд намайг хийж байна. Миний өөрийн шийдвэр гэхээсээ илүүтэй намайг шоглох гэж байгаа нь нөлөөллөө” гэсэн байна.
Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх үеэрээ “Улс төр багийн тоглолт. Ганц хүн улс төрд хэцүү” хэмээж байсан юм. Харин энэ талаар нь асуухад “Бие даагчид баг болж болдоггүй гэж үү” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
Эргэн сануулахад:
2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өгсний дагуу 30-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Н.Номтойбаярыг олон нийтийн газар зохисгүй авирласан хэмээн намаасаа гарсанд тооцох шийдвэрийг гаргасан. Тэрбээр МАН-ын гишүүнчлэлгүй болсон юм.
М.Баяр