Оросын Ерөнхийлөгч В.Путин тавдугаар сарын 29-нд Франц айлчилж тус улсын шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзана. Энэ талаар РИА Новости агентлаг Францын лидерийн хэвлэлийн албаны эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Хоёр улсын тэргүүний дээд хэмжээний уулзалт Версалийн ордонд болох гэнэ. Мэдээ нийтлэхийн өмнөх өдөр Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ уулзалтын талаар тайлбар хийхээс татгалзаж, тухайн үед нь мэдээлнэ гэж байсан юм.
Оросын эзэн хаан I Петр Францад айлчилсны 300 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлтийг В.Путин хийх гэж байгаа нь энэ уулзалтын шалтаг болжээ. Петр хааны айлчлал орос-францын дипломат харилцааг эхлүүлсэн түүхтэй. Путин, Макрон хоёр анх тавдугаар сарын 18-нд утсаар ярихдаа орос-францын улс төр, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлцгээжээ.