Монголчууд бид хүмүүний амьдрал, нийгмийн мөн чанар бус шинж чанартай нь зууралдаж, үзэлцсээр л явна. “Хүний амьдралын оршихуйн үндэс юу вэ” гэдгийг ч тунгаан бодож, сэхээрэх завгүйгээр “бүхний дээд мөнгө” хэмээгчийн араас чаргууцалдсаар өдөр хоногийг өнгөрөөх мэт.
Эрүүл энх, аз жаргалтай оршихуйн үндэс болсон эх дэлхий, хүрээлэн буй орчин, газар нутгаа бид ийнхүү мөнгөний төлөө золиосолж, үрэн таран хийж, сүйдэлж сүйтгэсээр эцэст нь юунд хүрэх гэсэн юм бэ? Өөрийн оршин байхуйгаа устгачихаад шүү дээ. Өнөөдрийн нөхцөл байдлыг ажихад бид оршин байх газар нутаг, амьсгалах агаар, уух усгүй болох аюул хаяанд тулаад ирчихэж.
Улаанбаатар хотод өдөр ирэх бүр өндөр өндөр барилга сүндэрлэнэ. Харин цэцэрлэгжүүлэх, хүний эрүүл мэндэд шаардлагатай ургамал мод тарьж байгаа нь нүднээ ил харагддаггүй. Мод бутаа тайрч тасдаж хаячихаад зай завсар л олдвол барилга байшин барихаар улайрна. Бид цементээр амьсгалдаг бил үү?
Мөнх хөх тэнгэртэй, цэлгэр уудам нутагтай, үзэсгэлэнт сайхан хөдөө талд бас л ой модыг сүйтгэж, огтолж, тайрж, гол усыг бохирдуулан ширгээн барин байж алт мөнгөний араас үхэлдэн зүтгэх хувь хүмүүс, компаниуд ямар их байдаг юм бэ?
Чухамдаа шуналт хүмүүсийн байгаль орчны эсрэг буруутай, хор хөнөөлт үйл ажиллагаа, түүнээс үүдсэн уур амьсгалын өөрчлөлтөөс болж хэт хуурай, хуурай, хагас хуурай нутаг дэвсгэрт газрын үржил шим муудах буюу биологийн эдийн засгийн бүтээмж багасахыг цөлжилт гэж хэмээн ойлгож болно.
2015 оны байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилт болон хөрсний доройтолд өртжээ. Аймар тоо.
Тэгвэл бид үүнийг зүгээр харсаар үр хойчдоо эрүүл саруул, энх тунх амьдрах ямар ч бололцоогүй тийм эх нутаг, ирээдүйг үлдээх хэрэг үү? Үгүй. Аз болоход, яг энэ асуудалд санаа зовнидог, сэтгэлээ чилээдэг, үүнийхээ төлөө бодит зүйл хийдэг сайн санаат Монголчууд ч бас байна. Тэд үзэл бодол, үйл хэргээрээ нэгдэн нийлж “Говь-Нэг сая мод” аяныг санаачлан хэрэгжүүлэхээр ханцуй шамлан ажилдаа оржээ.
“Говь-Нэг сая мод”
Энэ үндэсний аян нь хөрсний доройтол, цөлжилтөнд хамгийн ихээр өртөөд буй нутаг болох Баянхонгор аймгийн Баацагаан суманд 25 километр урт талбайд нийт 1 сая модыг 4 жилийн хугацаанд тарих юм. Тодруулж хэлбэл, тус суманд урал хэмээх олон наст, чихэр өвсний 50 -60 хувь нь ургадаг бөгөөд энэ эмийн ургамал нь хүчирхэг үндэсний системтэй учраас элсийг тогтоон барих маш өндөр ач холбогдолтой. Тиймээс урал чихэр өвсний хөндийг хашаалан ойжуулах нь элсний нүүдэл, цөлжилт, хөрсний доройтлоос сэргийлэх хамгийн чухал дархлаа болох юм. Тус аяныг хэрэгжүүлснээр:
- Ойн зурвас болон ойжуулалт, уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах мод сөөг, шаардлага хангасан сайн чанарын тарьц, суулгацыг орчин үеийн технологийн түвшинд түргэвчилсэн аргаар үржүүлэх, технологи нэвтрүүлэх, нутагшуулах;
- Цөлжилт, элсний нүүдлийг бууруулж, бүс нутгийн хөрсний эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх;
- Мод үржүүлгийн газар болон ойн зурвасын ажлыг нутгийн иргэдийн оролцоотой хийж байгаль орчинд ээлтэй орчин бүрдүүлэх;
- Ногоон ажлын байрыг шинээр бий болгох;
- Бүс нутгийн иргэдэд цөлжилттэй тэмцэх нөлөөллийг бий болгож, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг алсыг харсан, нэн ач холбогдолтой, эерэг үр дүн бий болох юм.
Модны үнэт чанар
- Орчин тойрны чийг тунадасыг 75 хувь хөрсөнд шингээж, агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэж, нарны хэт нөлөөллийг 10-15 дахин бууруулдаг.
- Нэг га навчит ой 3 кг, шилмүүст ой 5-10 кг, арцан ой 30 кг фитонцид /өвчин үүсгэх нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг.
- Нэг га нарсан ойн төгөл өдөр бүр 9350 кг нүүрсхүчлийн хийг шингээж, 7250 кг хүчилтөрөгчийг ялгаруулж байдаг.
- Модлог ургамлыг хамгаалалтын зурвас болгон тарьснаар хөрсөө салхины элэгдлээс хамгаалаад зогсохгүй тэнд ургамал ургахад тохиромжтой бичил орчин үүсгэдэг өндөр ач холбогдолтой.