“Covid-19” өвчний улмаас дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн нийт оюутан, сурагчдын 99 хувь буюу 1.7 тэрбум[1] хүүхдийн танхимын хичээл тасалдаад байна.
Хүүхдүүдийн хичээл, сургууль тасалдсантай холбоотой нийгэм, эдийн засгийн олон асуудал үүсч байгаа бөгөөд дэлхийн цөөнгүй улсад дижитал хэлбэрээр хичээлийг үргэлжлүүлж байна. Үүнээс шалтгаалан хүүхдүүдийн интернэт хэрэглээ нэмэгдэж, цахим орчинд өнгөрөөх хугацаа уртассан. Манай улсад ч ийм нөхцөл байдал үүссэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавихад анхаарал хандуулах зүй ёсны шаардлага бий болоод байна.
ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 200 сая хүүхэд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн золиос болдог байна. Үүний тодорхой хувь нь цахим орчинд үйлдэгдэж, жилээс жилд хувь хэмжээ нь нэмэгдэж байгаа бөгөөд интернэт орчин нь мөлжлөг, хүчирхийллийн талбар болж байна. Тийм учраас цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг бүхий л түвшинд авч үзэх шаардлагатай.
Цахим орчныг хүүхдэд аюулгүй болгох нь хүний үндсэн эрхтэй холбоотойгоос гадна шинэ үед цахим “хувьсал” хийх боломжийг олгоно. Аливаа улс, тэр дундаа хурдацтай хөгжиж буй улс орон цахим хувьсал хийснээр эдийн засгийн хөгжил эрчимтэй нэмэгддэг байна.
Олон улсын харилцаа холбооны эвлэл (ОУХХЭ) /International Communication Union/-ийн хийсэн судалгаагаар тухайн улсын цахим орчны хэрэглээ 10 хувиар нэмэгдэхэд нэг хүнд ногдох ДНБ 1.3 хувиар өсдөг байна. Энэхүү өсөлт нийт хүн ам, тэр дундаа хүүхдүүд цахим технологийн олгож буй харилцаа холбооны хязгааргүй боломжийг хүртэх болсон үед илрэх бөгөөд ингэхийн тулд цахим орчин нь өөрөө аюулгүй байх ёстой гэж үзэж байна.
ОУХХЭ, ЮНЕСКО-ийн хийсэн судалгаанаас үзэхэд дэлхийн нийт хүн амын 50 гаруй хувь, үүн дотроо хүүхдүүдийн 30 гаруй хувь нь өдөр тутам интернэт ашигладаг аж. Тэдний үзсэнээр 2025 он гэхэд:
Дэлхийн нийт хүн амын 70-аас багагүй хувь нь өдөр тутам интернэт ашиглаж,
Нийт хүүхдийн 60 хувь нь дижитал хэрэглээний үндсэн мэдэгдэхүүн, чадвартай болж,
Дэлхийн нийт хүн амын 40 хувь нь цахим санхүүгийн үйлчилгээ ашигладаг болох гэнэ.
Интернэт хэрэглэгчдийн хувьд хүүхдүүдийн хэрэглээ хамгийн хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд ойрын жилүүдэд хөгжил буурай оронд ч хөдөлгөөнт интернэт тавигдаж, хэрэглээ улам нэмэгдэх нь гарцаагүй болж байна.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бүх төрлийн хүчирхийлэл, бие, эрхтний наймаа, бэлгийн мөлжлөг зэргийг үгүй хийх зорилго тавьсан. Гэвч цахим орчинд хүүхэд бэлгийн мөлжлөгт өртөх болон бусад олон төрлийн дарамт, шахалттай тэмцэх ажилд тулгарч буй асуудлуудаас онцлох дараах асуудлууд байна.
Зарим улс оронд цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн эсрэг хууль, журам байдаггүй, хууль, журмууд хоорондын уялдаа холбоо сул, үл нийцдэг.
Цахим үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад өөрсдийнх нь платформ дээр үйлдэгдсэн хүүхдийн мөлжлөгийн талаарх материалыг хадгалах талаар зохицуулалт байхгүй.
Улс орнуудад энэ төрлийн гэмт хэргийн талаарх нэгдсэн стандарт, тайлбар байдаггүйн улмаас аливаа асуудлын цар хүрээг тодорхойлох, хамтран ажиллахад саад учруулдаг.
Ихэнх улсуудад цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хамтын ажиллагаа шаардлагатай салбаруудыг холбосон дэд бүтэц, чадамж байдаггүй.
Олон улсыг хамарсан судалгаа, мэдээлэл хомс байдал.
Хүүхдүүдийн цахим орчинд цаг өнгөрөөдөг орчин (Сошиал медиа, мессеж программууд, live-stream апп-ууд, хоорондоо холбогддог тоглоомууд)-ын хараа хяналтгүй байдал.
Интернэт урсгалыг хянахад төвөгтэй бөгөөд технологи хөгжихийн хэрээр өндөр нягтаршил бүхий зураг авах, бичлэг хийх, live-stream хийх боломж бүхий камертай хямд гар утас гарч байгаа нь хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй тэмцэх ажлыг улам хэцүү болгодог.
Дижитал төхөөрөмжүүдэд тэднээр дамжуулан хүүхдийг дарамтлах, мөлжлөг үйлдэх боломжийг хаах технологийн боломж бага, эсвэл огт байдаггүй.
Зарим оронд соёл болон нийгэм, цахим орчны нөхцөл байдал, бусад хүчин зүйлээс шалтгаалж мөлжлөг үйлдэгчид баригдахгүйгээр гэмт хэрэг үйлдэх боломжтой байдаг.
Цахим орчны талаарх мэдлэг буюу насны ялгаа.
Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, бодлого боловсруулагчид ихэвчлэн технологийн мэдлэг муугийн улмаас хүүхдүүдийн цахим орчин дахь амьдралыг ойлгох, тэднийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдэгдэхүүнгүй байдаг.
Ерөнхийдөө уг асуудлыг хүндрүүлэн авч үздэггүй, мэддэггүйн улмаас цахим орчин дахь хүүхэд хамгааллын арга зүйг хэрэгжүүлдэггүй.
Асуудлын цар хүрээ
Зөвхөн нэг жилийн хугацаанд “Internet Watch Foundation” байгууллага хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой материал тавьж буй 105,000 вебсайт олж илрүүлдэг байна.
2018 онд гэхэд л хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой 223,999 зураг, бичлэг илрүүлж байсан.
2018 онд хийгдсэн судалгаагаар хүүхдэд зориулсан гар утасны аппликейшнуудын 19 хувь нь хүүхдийн мэдээллийг цуглуулж байсан.
Ахлах, дунд сургуулийн сурагчдын 30-аас илүү хувь нь цахим дарамтад өртсөн, өртөх хандлагатай байдаг байна.
Мэдээллээс харахад олон тооны цахим платформ, үйлчилгээ хүүхдийг янз бүрийн аюулаас хамгаалах чиглэлд хангалттай анхаарч, тохирох арга хэмжээг авдаггүй. Үүний уршгаар маш олон хүүхэд хохирсоор байна. Харин эдийн засаг, нийгмийн дэд бүтцээ цахимжуулсан орнуудын туршлагаас харахад цахим орчинг хүүхдэд аюулгүй болгохын тулд дараах алхмуудыг хэрэгжүүлсэн байна.
Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлийн төвлөрсөн удирдлага бий болгох, холбогдох хууль, журмыг батлах.
Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нь аюулгүй байдлыг хангасан байхад анхаарах.
Урьдчилан сэргийлэх, илрүүлэх, зогсоох нэгдсэн систем бий болгох.
Үндэсний болон бүс нутгийн хэмжээнд Засгийн газар, хувийн салбар, олон нийтийн болон судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах.
Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг уг асуудлаар сургах, шаардлагатай үед хэнд хандахыг нь тодорхой болгох.
Хүүхдүүдийн цахим орчны хэрэглээ, нөхцөл байдал
ОУХХЭ-ийн судалгаагаар хөгжил буурай орнуудад ч нийт залуу үеийн 35 хувь нь интернэт хэрэглэдэг байна. Дээр дурдсанчлан интернэтэд холбогдох боломжтой технологийн үнэ буурах тусам эдгээр улсад залуу үе, хүүхдүүд тэдгээрийг ашиглах боломж нэмэгдэж байгаа.
Дээрх графикт хөгжиж буй болон хөгжингүй 34 улсыг сонгон, эцэг эхчүүдээс “Таны 5-17 насны хүүхэд сүүлийн гурван сард гар утас ашиглан интернэтэд холбогдсон уу” гэх асуултыг асууж, үр дүнг нь гаргасан байна. Уг графикаас дэлхийн улс орнууд дахь хүүхдүүдийн гар утасны хэрэглээ, интернэт хэрэглээг харж болохоор байна.
ДЭМБ-ын мэдээллээр өмнө дурдсанчлан жил бүр 200 сая хүүхэд бэлгийн мөлжлөгийн хохирогч болдог. INTERPOL-ийн санд 19400 гаруй хохирогчийн 1.5 сая зураг, бичлэг хадгалагддаг бол АНУ-ын алга болсон, мөлжлөгт өртсөн хүүхдийн тухай мэдээллийн санд 25 сая гаруй хохирогч хүүхдийн мэдээлэл хадгалагддаг байна. Гэвч бодит тоо үүнээс харьцангуй их бөгөөд илрэхгүй, хохирогч нь өөрөө ч мэдээгүй байх тохиолдол олон байна.
Хүүхдийн цахим орчин дахь аюулын зарим жишээ
Дээрэлхэх, дарамтлах:
Цахим орчинд хүүхдийг дээрэлхэх, дарамтлах нь хүний эрхийг зөрчиж буй явдал ч эцэг, эхчүүд үүнийг төдийлөн анхаардаггүй, хүүхдүүд ч өөрийн эрхийг зөрчигдөж байгааг мэдэхгүйн улмаас ихэнх тохиолдолд хэлдэггүй, нууцалдаг байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас цахим дарамт /cyberbullying/-ийг электрон мессежээр дамжуулах дээрэлхэх, заналхийлэх явдал хэмээн томъёолсон байна.
АНУ, БНХАУ, БНЭУ, ОХУ, Бразил зэрэг 28 улсад эцэг эхчүүдийн дунд хийсэн судалгаагаар дунджаар 17 хувь нь “хүүхэд нь цахим дарамтад өртөж байсан” гэсэн байна.
Бэлгийн дарамт үзүүлэх:
Дани, Унгар, Их Британи зэрэг улсуудад хийсэн судалгаагаар нийт хүүхдийн 6 хувь нь “хувийн” зураг, бичлэгээ алдаж, олон нийтэд тараалгуулсан байдаг. Мөн 25 хувь нь тэдэнтэй холбоотой гарсан аливаа сөрөг цуурхлын хохирогч болсон бол 31 хувь нь бусдад зургаа алдан, хуурамч хаяг дээр ашиглагдсан байна. Түүнчлэн бас нэг санаа зовох асуудал нь бэлгийн дарамт үзүүлэгсэдийн 9 хувь нь насанд хүрэгсэд бус, харин хохирогчидтой ижил насны хүүхдүүд байсан байна.
Бэлгийн харилцаанд уруу татах:
Насанд хүрсэн хүн ямар нэгэн байдлаар насанд хүрээгүй хүүхэдтэй харилцаа үүсгэж, дасгах замаар тухайн хүүхдийг бэлгийн харилцаанд уруу татах үйл явцыг нэрлэх бөгөөд энэ тохиолдлын талаар статистик үзүүлэлт гаргах, олж илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна.
Олон улсад хийсэн судалгаагаар дөрвөн хүүхдийн нэг нь ийм төрлийн тааламжгүй мессеж хүлээн авсан бөгөөд хөвгүүдээс илүү охидууд хохирогч болох хандлагатай байдаг.
Хүчирхийлэл, экстрим үзэл, интернэт тоглоом, мөрийтэй тоглоом:
Цахим орчинд хүүхэд дээр дурдсан шууд аюул заналд өртөхөөс гадна аливаа хүчирхийлэл, хэт үзэл, насанд хүрэгсдэд зориулсан агууламж бүхий материал, веб сайтуудтай тогтмол нүүр тулдаг. Түүнчлэн тоглож буй тоглоомонд нь дээрх агуулгууд, мөрийтэй тоглоомын хэлбэр өргөн агуулагддаг нь бас нэгэн аюул занал болж байна.
Интернэт тоглоомууд, веб сайтууд хэдийгээр “нас баталгаажуулалт” хийдэг ч тэдгээр нь хангалттай хэмжээнд ажилладаггүй, хуурах боломжтой байдаг тул эцэг эхчүүдийн хараа хяналтыг ихээхэн шаардана. АНУ, Их Британид хийсэн судалгаагаар 12-оос дээш насны хүүхдүүдийн талаас илүү хувь нь дээрх “нас баталгаажуулалт”-ыг давах техникийн мэдлэгтэй болсон байдаг байна.
Санхүүгийн эрсдэл:
Насанд хүрээгүй хүүхэд интернэт ашиглах үед учирч болох бас нэг эрсдэл нь санхүүтэй холбоотой. Ялангуяа гар утас ашиглах үед ихэнх аппликейшнууд “in-app purchase” буюу аппликейшн ашиглах үед худалдан авалт хийхийг санал болгодог. Хүүхдэд зориулсан ихэнх аппликейшнуудад хүүхдийг “уруу татах”-аар контентууд агуулагдсан байдаг учир санаатай болон санамсаргүй байдлаар худалдан авалт хийх явдал түгээмэл тохиолддог байна.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР