Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн “гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Гуахалиунтай “Коронавирусийн халдварын эрсдэлтэй үед” хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцсанаа хүргэе.
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг ирэх 9-р сарын 1-ний өдрийг хүртэл хичээллүүлэхгүй байх шийдвэрийг холбогдох яамнаас гаргачихлаа. Танай хэлтсийн хариуцаж байгаа нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдүүдийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Дулааны улирал эхэлж байгаа, мөн хүүхдүүд гэртээ удаан хугацаанд байгаа учраас мэдээж уйдаж байгаа. Сүүлийн үед хүүхдүүд гадуур их тоглож байна. Ийнхүү тоглох нь хүүхдүүдийг эрсдэлтэй нөхцөл байдалд оруулж байгаа юм. Дунд, ахлах ангийн хүүхдүүд сагсны талбайд их тоглож байна. Ингэхдээ маск зүүхгүй байна. Тоглоомын талбайд дор хаяж 10-20 хүүхдийн бөөгнөрөл үүсч байна шүү дээ.
-Тоглоомын талбайд тоглож байгаа хүүхдүүдэд цагдаагийн байгууллагын зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Цагдаагийн байгууллагын зүгээс өдрийн цагаар хэв журмын урамшуулалт эргүүл, авто эргүүл, явган эргүүл мөн хүүхэд хамгаалагчид явж, хяналт тавьдаг. Хүүхдүүд бөөгнөрч тоглож байгаа тохиолдолд тараадаг. Гэвч хүүхдүүд эргүүлүүдийг хараад булан тохойд нуугдаж байгаад яваад өгөхөөр нь эргээд л гарч ирээд тоглодог. Тэгэхээр эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал чухал байна.
-Өнөөдөр бид онцгой нөхцөл байдалд ажиллаж, амьдарч байгаа. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гадуур их авч явж байна гэх шүүмжлэл нэлээн байх шиг байна. Танайд нөхцөл байдал ямар байна вэ?
-Эцэг эхчүүд хүүхдүүдийг салхилуулах нэрээр нийтийн хоолны газар, олон нийт цугласан газруудаар дагуулж явж байна. Бага насны хүүхдийн хувьд маск зүүж чадахгүй, авах, буцааж зүүх мэтээр Вирусийн халдвар авах нөхцөл бий болж байна. Мөн олон нийтийн хоолны газарт хүмүүс маскаа авч хооллодог. Энэ нь ч мөн л эрсдэлтэй үйлдэл болоод байна.
Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдүүдээ гэртээ орхиж, ажилдаа явж байгаа учраас насанд хүрсэн хүний хараа хяналтгүй хүүхдүүд эцэг эхдээ утсаар худлаа хэлж, гадуур сэлгүүцэх. Ингэж явахдаа гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд ч гарч байна. Тиймээс энэ үед хөршийн хяналт, СӨХ-ийн ажилчдын хяналт маш чухал байна.
Мөн 18 хүртэлх насны хүүхдүүдэд бага насны дүү нарыг нь даатгаад үлдээж байна. Гэтэл эд чинь адилхан л хүүхэд учраас анхаарал, болгоомж нь насан хүрсэн хүнээс сул, бас туршлагагүй. Ийм нөхцөлд байгаа бага насны хүүхдүүд өндрөөс унах, түлэгдэх гэх мат ахуйн гэмтэл бэртэлд өртөх магадлал өндөр байгаа. Тиймээс заавал насанд хүрсэн хүний анхаарал, хяналт хэрэгтэй байгаад байна гэдгийг эцэг эхчүүдэд анхааруулах хэрэгтэй байгаа юм.
-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ер нь ямар байгаа вэ?
-Хол хорио, нийгмийн нөхцөл байдалтай холбоотойгоор ажилгүй гэртээ байгаа иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэх нь их байна. Тодруулбал, ахуйн хүрээний архидалт нэмэгдсэн. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн гэр бүлдээ агсан согтуу тавих, эхнэр хүүхдээ зодох, хөөж гаргах гэх мэт хүчирхийлэл үйлдээд байна. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл далд байдалд үйлдэгдэх боллоо.
-Далд хэлбэрт үйлдэгдээд байгаа хүчирхийллийг таслан зогсоох арга зам нь юу вэ?
-Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Мөн хороондоо амьдарч байгаа иргэдийг хэсгийн ахлагч нар их сайн мэддэг шүү дээ. Мөн “Хөршийн холбоо” чухал. Айл хөршийн айлууд байдаг. Тэд ерөнхийдөө мэдээлэлтэй байдаг.
Хорооны нийгмийн ажилчид, хороо хариуцсан цагдаагийн алба хаагч ерөнхийдөө мэддэг.
-Угаасаа л дэлгүүрээс архи аваад явж байгаа байдал нь л мэдрэгдэнэ биз дээ?
-Тийм. Ер нь хүчирхийлэл үйлдэгч утсаар ярьж байхдаа хүчирхийллийн өнгө аястай, заналхийлсэн байдалтай ярьж байдаг. Энэ үед нь мэдсэн хүн ч гэсэн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх боломжтой. Хэрвээ мэдээлэл өгвөл нэг хүний амь нас, эрүүл мэндийг аврах боломж бүрдэнэ.
Түүнээс биш энэ хүний асуудал надад ямар хамаатай юм гэсэн бодол нэг хүний амь аврах боломжийг үгүй хийж болзошгүй. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох гол зүйл иргэдийн мэдээлэл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байна.
Хохирогч цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй, уучлаад л яваад байдаг. Тэгж явж байгаад хүнд байдалд орсон хойноо л цагдаагийн байгууллагад мэдэгддэг. Гэхдээ ийнхүү мэдэгдэхдээ оройтсон байх харамсалтай тохиолдлууд маш их байдаг. Тиймээс хүчирхийллийг маш хурдан таслан зогсоох тал дээр иргэн бүр л хариуцлагатай хандах ёстой.
-Хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүс дандаа согтуугаар үйлдэж байна уу, архи согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ ч үйлдэж байна уу?
-Ихэнх тохиолдол нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдэж байна. Гэхдээ сүүлийн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл үедээ үйлдэх тохиолдол нэмэгдэж хандлагатай байна.
-Эрүүлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүст сэтгэл зүйн ямар нэгэн тест хийдэг үү?
-Хэрэг хариуцах чадвартай эсэхийг бол хамгийн түрүүнд шалгуулдаг. Ер нь бол хэрэг хариуцах чадвартай хүмүүс байдаг. Хүчирхийлэл ер нь санаатайгаар л үйлдэгддэг. Хүмүүс зодож, зохихыг л гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгоод байдаг.
Сэтгэл санааны, бие мах бодийн, бэлгийн, эдийн засгийн дарамт хүртэл хүчирхийлэлдээ ордог. Тухайн хүнд сэтгэл зүйн дарамт учруулж буй, хэн нэгэнтээ уулзах уулзах, харилцахыг нь хязгаарлах, хамтран эзэмшиж буй эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэнд халдаад байгаа үйлдэл ч гэр бүлийн хүчирхийлэл.
Эцэг эхчүүдийн маргааны дунд байгаа хүүхэд сэтгэл зүйн дарамтад өртдөг. Энэ ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэлдээ орно. Ийм дарамттай орчинд байгаа хүүхэд буруу хүмүүст уруу татагдах, гэмт хэргийн хохирогч болох, гэр орноосоо дайчих, гэмт хэрэгт холбогдох гэх мэт сөрөг үр дагаврууд бий болдог.
Коронавирусийн өвчин гарсантай холбоотой гэртээ хөл хоринд хүүхдүүд байгаа. Эцэг эхчүүд хүүхэд гэртээ аюулгүй байгаа гээд сэтгэл амрах хандлага бий болоод байна. Гэртээ байгаа гээд хүүхэд аюулгүй байгаа биш тиймээс эцэг эхчүүдийн анхаарал маш чухал шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна.
-Хоёулаа ярианыхаа төгсгөлд “Хүүхэд хамгаалагч” нарын талаарх ойлголтыг уншигчид даа өгөх үү?
-Хүүхэд хамгаалагч нар хүүхдийг гэмт хэрэг зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх, Тэдний эрх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 9 дүүргийн хороод тус бүр дээр нэг нэг хүн ажиллаж байгаа. 21 аймагт тус бүр хоёр хоёр хүн, Улсын хэмжээнд 214 иргэнийг ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Хорооны хэмжээнд нэг нэг “Хүүхэд хамгаалагч” гэж байгаа. Манай хэлтэс Чингэлтэй дүүргийн 1-9-р хороог хариуцдаг учраас манайд 9 хүүхэд хамгаалагч ажиллана. Ковид-19 вирусийн өвчин гарч, хүүхдүүд гэрээр байгаатай холбоотойгоор тоглоомын талбайд ихээр цуглаж байна. Тэгэхээр хүүхэд хамгаалагч нар урамшуулалт эргүүл, хэв журмын, машинт, явган эргүүлүүдтэйгээ хамтран ажиллаж хүүхэд олноор цуглаж байгаа газруудаар явах, цуглаж байгаа хүүхдүүд гэмт хэрэгт өртөх, оролцохоос урьдчилан сэргийлж байна.
Нэг хороонд нэг хүүхэд хамгаалагч хаанаа ч хүрэлцэхгүй… Тиймээс хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагынхан манай хүүхэд хамгаалагч нартай хамтран Хүүхдийг гэмт хэрэгт холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаач ээ гэж хэлмээр байна.
Н.БАТАА
3 comments
Цэцэрлэгт хүрээлэнд маскгүй л гүйцгээж байх юм. Нагөө олон нийтийн цагдаа тэнд ажиллахгүй юм уу
ЗА олон нийт дунд халдвар нэг ч гараагүй байхад бүү сүржигнэ. Агаарт гарч тоглохгүй бол энэ хүүхдүүд чинь баларлаа.
gert udaan baisan huuhed suuri owchitei bolloo hamr bituurchisen bn tanaihaas mongoawna shu archaagui tsagdaa