УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дахин 415 амьсгалын аппарат авахаар төлөвлөсөн гэдгийг хэллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон баталсан. Хэлэлцүүлгийн явцад хөтөлбөрийн хүрээнд авах 300 сая ам.долларын 30 саяыг нь эмнэлгийн тоног төхөөрөмж авахад зарцуулна гэсэн юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр 70 гаруй амьсгалын аппарат, бусад төхөөрөмжийг худалдан авсан. Одоо Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн хүрээнд 500 гаруй эрчимт эмчилгээний орыг бэлдэхээр ажиллаж байна. Үүний дотор 415 амьсгалын аппарат худалдан авахаар багтсан” гэдгийг хэллээ.