Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэгчээр архинаас үүдэлтэй гэмт хэрэг сүүлийн саруудад нэмэгджээ. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ахуйн хүрээнд архидах нь ихэссэн байна. Үүнийг ЦЕГ-аас гаргасан судалгаанаас харж болно. Тодруулбал, энэ оны эхний гурван сарын байдлаар 4178 хүнийг эрүүлжүүлсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 129-өөр нэмэгдсэн. Мөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн дагуу 1880 хүнийг эрүүлжүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 93-аар өссөн үзүүлэлт. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 1193 -аар өссөн байна.
Тэгэхээр коронавирусын дэгдэлттэй холбогдуулан баар, караоке гэх мэт цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарласан хэдий ч ахуйн хүрээний архидалт байсаар. Архи ууж, агсам согтуу тавих, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол өссөн үзүүлэлттэй байгаа юм. Ахуйн хүрээний архидалтаас үүдсэн хамгийн том хохирогч нь хүүхэд. Архидан согтуурсны улмаас найз нөхөд болон гэр бүлийн хүмүүс хүмүүс хоорондоо маргалдах үед хүүхэд сэтгэл санаагаараа хохирдог төдийгүй эрүүл мэнд, амь нас нь ч эрсдэлд орж байгааг анхаарах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Дахиад нэг бодит баримт дурдахад нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт ахуйн хүрээний архидалтаас үүдсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл эрс нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна. Цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн дуудлага мэдээллийн 40 орчим хувийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага эзэлдэг байна. Цагдаагийн алба хаагчдад “Аав агсам тавиад байна, нөхөр дарамтлаад байна” гэх мэт гомдол тасрахаа больжээ. Энэ нь бүхэн баар цэнгээний газруудыг хаасан ч архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах ёстойг харуулж байгаа юм.
Тэгэхээр онцгой нөхцөл үүссэн үед төрөөс авах бас нэг чухал арга хэмжээ нь архи зарахыг зогсоох бүр болохгүй цөөлөх юм. Автомашины дугаарыг тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оруулдаг шиг зохицуулалт ч хийж болох юм. Үүнийг дагаад гэмт хэргийн гаралт ч багасгана гэдгийг дээрх тоон үзүүлэлтүүд харуулж байна. Одоогоор Увс, Архангай, Дорноговь, Сэлэнгэ аймгууд архи, согтууруулах ундааг 15:00 цагаас хойш худалдан борлуулахыг хориглох шийдвэрийг гаргажээ. Олон улсад ч коронавирусын тархалттай холбоотойгоор улс орнууд архины хэрэглээг хязгаарлаж байна. Тодруулбал, Тайландын 77 мужид архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон байна. Худалдаалж буй дэлгүүрүүдийг хаахыг үүрэг болгожээ. Мөн Францын зарим мужийн эрх баригчид архи худалдахыг хориглох шийдвэр гаргажээ. Тус мужуудад ч хөл хорионоос болж ахуйн архидалт ихсэж гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагтай болсон байна. ДЭМБ-аас ч цар тахлын улмаас хөл хорионд орж, гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эрүүл байх нь чухал гэдгийг анхааруулаад байгаа юм. Түүнчлэл улс орнуудыг гэр бүлийн хүрээний гэмт хэрэг, хүүхэд хамгаалал тал дээр онцгойлон анхаарахыг уриалсан байдаг.
Тэгэхээр хамгийн эрдсэлтэй нөхцөлд байгаа манай улсын хувьд ч хөл хориог чангатгахын хэрээр нэмэгдэж байгаа ахуйн хүрээний архидалт түүнийг дагасан гэмт хэрэг, зөрчлийг анхаарах хэрэгтэй байна. Коронавирусын халдвар хаалга тогшихын зэрэгцээ хаалттай хаалганы цаана эрээн бараан амьдрал ч үргэлжилж байгааг анхаарна уу. Ядаж онцгой нөхцөл үүссэн энэ цаг үед архи зардаг өдрийг цөөлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан
1 comment
маш зөв шүү энд тэндгүй л согтуу хүмүүс халдвар авах магдлал маш өндөр