Нам, эвслүүд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж эхэллээ.
Өнөөдөр Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам болон Дэлхийн Монголчууд нам Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгөв.
Сонгуулийн ерөнхий хороо энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тодорхой хуваарь гаргасан бөгөөд нам, эвсэл тус бүрээс 2-оос илүүгүй төлөөлөл нь ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, Сонгуулийн ерөнхий хорооны байранд нэвтрэхээс өмнө асуумж бөглөх, ариутгал, халдвар хамгааллын тодорхой дэглэм баримтлах талаар нам, эвслийн ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн юм.