АНУ-ын нийслэл Вашингтон хотоос баруун тийш Аллеганы нурууг чиглэн явах хэн бүхэн гар утасны сүлжээ, радио холбоогүй хэсэг газрыг дайран өнгөрнө. 34 мянган ам км талбай эзэлдэг, газрын зураг дээр тэгш дөрвөлжин харагдах энэхүү бүс нутаг Баруун Виржиния мужийн уулархаг, ой мод ихтэй хэсэгт бий. Уг газарт дэлхийн хамгийн том, нүүлгэж болох, бүтэн эргүүлж болох, газар дээр байрлуулсан төмөр биет буюу Роберт Берд Гриний дуран авай (GBT) байрладаг. 1.5 га талбай эзлэн орших энэхүү дуран авай Эрх чөлөөний хөшөөнөөс ч өндөр юм. Оршин байгаа газрынх нь нэрээр сүүлийн үед Грин Банкны радио дуран авай гэх болсон уг төхөөрөмжийг ажиллуулахад цахилгааны хараат бус байдал, нам гүм орчин хэрэгтэй. 1958 онд байгуулагдсан Чимээгүй бүс нь GBT-г хамгаалаад зогсохгүй Америкийн Үндэсний аюулгүйн албаны чагнах төвийн үүрэг гүйцэтгэдэг байна.
Маш мэдрэмтгий, хамгийн бага үелзлийн, богино долгионы радио холбоог мэдэрдэг GBT нь нэг ваттыг тэрбум хуваасны нэгийг хүртэл хүлээж авдаг, өөрөөр бол ширхэг цасны газар дээр унах хүчийг хүртэл тэмдэглэж авч чадахаар аварга том төхөөрөмж, алсын оддын хөдөлгөөн, өөрчлөлтийг анзаарах үүрэгтэй тун мэдрэг дуран авай юм. Энэ нүсэр том төхөөрөмжийг хүний гараар бүтсэн бусад соронзон болон цахилгаан хэрэгслээс байнга хамгаалж байх учиртай. Үгүй бол систем нь доголдоно. Тиймээс Чимээгүй бүсийнхэн бусад америкчуудаас, ер нь орчин цагийн аль ч орны иргэдээс тэс ондоо амьдралтай болжээ. Энд гар утас хэрэглэдэг нэг ч хүн байхгүйн дээр хүүхдийн өрөөг алсаас хянагч, шарга шүүгээ, хаалганы утасгүй хонх гээд сүүлийн үеийн техник технологийн ямар ч дэвшлийг олж харахгүй. Чимээгүй бүсийн нэлээд хэсгийг эзлэн оршдог Баруун Виржиниягийн Покахонтас тойрогт 8000 гаруй хүн аж төрдөг. Эндхийн цагдаагийн ажилтнууд радио долгион, цахилгаан хэлбэлзлийн аливаа халдлагыг таслан зогсоох давхар үүрэг хүлээдэг. Заримдаа тэд хэвийн хэмжээнээс давсан чанга дуутай тоос сорогч хэрэглэхгүй байхыг иргэдээсээ шаардах тохиолдол ч бий гэнэ.
Цахилгаан хэрэгсэл ашиглахыг хориглосон тусгай хууль тогтоомж энд байхгүй ч Үндэсний холбоо харилцааны хорооноос айл өрхүүдэд шаардлага хүргүүлж, бараг 99 хувьд нь иргэд шаардлагыг биелүүлдэг байна. Харин онцгой тохиолдолд, жишээ нь түргэн тусламжийн тэрэг доторх төхөөрөмжүүд болон GBT доторх шарга шүүгээг ашиглахыг зөвшөөрдөг аж. Гэхдээ радио долгионыг нь гадагш ялгаруулахгүйн тулд тэдгээр цахилгаан төхөөрөмжийг тусгай сав юм уу хаалга, цонхыг нь зэсээр бүрсэн тусгай хамгаалалттай өрөөнд байлгадаг байна.
Америкийн бусад хэсэгт бараг хүн бүрийн амьдрал цахилгаан эрчим хүчээс хамааралтай болж, бүгд л гар утас, компьютероосоо салахаа больсон энэ үед Чимээгүй бүсийнхний эл өвөрмөц байдал техник технологид хандах хандлагыг нь өөрчилжээ. Энэ нутгийнхны зарим нь гэртээ интернэтэд холбогддог ч утасгүй харилцаа ямар ч хэлбэрээр нэвтрээгүй тул гэрээс гараад л цахим ертөнцөөс тусгаарлагддаг. Энэ нь хүүхэд, залуусыг амьдралын идэвхтэй, хөдөлгөөнтэй байлгаж, гэр бүлийн харилцааг ч уламжлалт төлөвөөс нь өөрчлөөгүй гэж нутгийнхан ярина. Гаднаас зочлогсод ч ийм хэв маягт дорхноо дасдаг байна. Ертөнцийн хязгаарт ирсэн мэт мэдрэмж төрдөг, цахим сүлжээнд холбогдоход түвэгтэй, үнэтэй байдаг зэргээс илүүтэй нутгийнхны ахуй байдал шинээр ирэгсдийг уусгаж авдаг гэнэ.
Хойд Америкийн хамгийн нам гүм, амгалан газар гэж болох Чимээгүй бүс XXI зуунд энэ хэвээр үлдэх үү гэдэг нь GBT буюу Гриний дуран авайн ирээдүйгээс шалтгаална. Уг авайг ажиллуулахад жилд дунджаар 14.5 сая ам.доллар шаардлагатай байдаг. Харин эл санхүүжилтийн дийлэнхийг хариуцдаг Үндэсний шинжлэх ухааны сан 2017 оноос төсвөө танахаа мэдэгджээ. GBT-г ажиллуулдаг хүмүүс тэгэхээр ертөнцийн үүсэл гарал болсон байж мэдэх хамгийн бага хэлбэлзлийн дохиог эрж хайхын хажуугаар санхүүжилт хайх хэрэгтэй болоод байна.
Хэрэв хангалттай мөнгө олдвол GBT-гийн ажилчид Чили улсын нутагт мөн төстэй дуран авай барихаар төлөвлөж байгаа аж. Харин санхүүжилт олдохгүй бол, дуран авай хэвийн хэмжээндээ ажиллахгүй бол дуранг ажиллуулдаг 200 орчим хүнээс гадна Грин Банкны ойролцоо амьдардаг гангийн үйлдвэрийн ажилчид, аялал жуулчлалын цогцолбор, буудлын газар ажиллуулагсад болоод бусад үйлчилгээний салбарынхан ажилгүй болох юм. Сүүлийн үед Грин Банк болон Покахонтасын тойргоос залуус шилжин суурьших нь нэмэгджээ. 15 жилийн тэртээх янзаараа байгаа, маш хязгаарлагдмал хүрээнд ажилладаг цахим сүлжээ нь үүнд хамгийн их нөлөөлсөн байна. Залуус ухаалаг утастай болохыг, дэлхий дахинтай хормын дотор танилцахыг хүсэх болжээ. Харин тэднийг орлож, шинээр нүүн ирэгсэд ч цөөнгүй байна. Цахилгаанд хэт мэдрэг дүрвэгчид гэгддэг тийм хүмүүсийн олонх нь эрүүл мэндийн шалтгаанаар Чимээгүй бүсэд суурьшдаг.
Дайан Шоу хэмээх нэгэн оршин суугчийн хэлснээр гар утас хэрэглэдэг хүмүүсээр хүрээлүүлэх нь хүний эрүүл мэндэд тун аюултай аж. Тэрбээр өөрийнх нь тодорхойлсноор “технологийн уяман” өвчтэй болохоор Чимээгүй бүсэд амьдрахаар иржээ. Өмнө нь Айова мужид тариалангийн талбайн ойролцоо амьдарч байсан тэрбээр гэрийнх нь хажууханд гар утасны шон баригдсанаас хойш хэдхэн жилийн дотор хөгширсөн гэнэ. Үс нь унаж, арьс нь унжиж, хараа муудсан, толгой нь байнга өвдөх болсон гээд өчнөөн олон зовуурь илэрсэн учир эмнэлэгт хандтал эмч нар түүнийг соронзон долгион, хэлбэлзлээс хол байхыг зөвлөсөн байна. Дайан Шоугийн хэлснээр өөртэй нь адилхан шинж тэмдэгтэй байсан 57 хүн Чимээгүй бүсэд ирээд эрүүлжсэн гэнэ. 2013 оноос Грин Банкид 36 хүн албан ёсоор шилжин суурьшсан мэдээ байна.
GBT буюу их дуран авайд цаашид юу ч тохиолдсон Грин Банкнаас хойд зүгт оршдог, Үндэсний аюулгүйн албаны чагнах төв буюу Чихрийн төгөл хэмээх газар Чимээгүй бүсийг чимээгүй байлгасан хэвээр байх юм. Чихрийн төгөл дэх зарим байгууламжийг энэ жил хаана гэсэн мэдээ байгаа ч нутгийн иргэдийн ярих нь дийлэнх нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байна. Грин Банкны дуран авайг ажиллуулахааргүй болбол Чихрийн төгөлд албан бусаар ч болох нь ээ шилэн кабель, утасгүй холбоо тавигдах нь тодорхой. Тэгвэл барууны ертөнц дэх орчин цагаас дүрвэгсдийн хамгийн сүүлчийн орогнох газрын нэг технологийн дайрлагаас бултаж зайлах аргагүй болно.
BBC
Г.Лхагвадулам
1 comment
payday loans huntsville al
payday loans
real payday loans online