Шатахууны үнэ буурснаар чанар муу байна, дутуу шахаж байна гэх шүүмжлэл иргэдийн дунд гараад байгаа билээ.
Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, АМГТГ-ын Төв лаборатори болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран өчигдөр гэнэтийн шалгалт хийж, бодит нөхцөл байдлыг тогтоохоор ажиллалаа.
Шалгалтын явцад:
Стандартчилал хэмжил газраас баталгаажуулсан лац хөндөгдсөн эсэх, хүчинтэй хугацаа
Шатахууны шахалт бүрэн хийгдэж байгаа эсэхийг шалгахаас гадна шатахууны чанарыг шалгахаар дээж аван, АМГТГ-ын Төв лабораторид шинжлүүлэхээр болов.
Уг шалгалт эхлэхийн өмнөхөн олон нийтэд мэдээлсэн нь иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран шалгах боломжийг бүрдүүлсэн хэмээн албаныхан тодотголоо.
Шатахуун шахахад -0.5 мл ба +0.5 мл-ийн хооронд хэлбэлзэхийг зөвшөөрдөг
Шалгалтын бүрэлдэхүүн эхлээд шатахуун түгээх станцуудад Стандартчлал хэмжил зүйн газраас баталгаажуулсан лацны бүрэн бүтэн байдал, хүчинтэй хугацааг шалгаж байв. Тус газраас хаврын болон намрын баталгаажуулалт буюу жилд хоёр удаа шалгалт хийж, тэнцсэн тохиолдолд лац тавьдаг байна. Лацыг шалгасны дараа шатахууныг алдаатай шахаж буйг эсэхийг шалгахдаа 10 литр, 50 литрийн хэмжээгээр шалгав.
Шатахуун шахахад орчны температураас хамааран хэлбэлзэх нь түгээмэл байдаг. Тиймээс Стандартчилал, хэмжил зүйн газраас зөвшөөрөгдөх хэлбэлзлийг -0.5 мл-ээс +0.5 мл байж болно хэмээн тогтоожээ.
Шалгалтын багийнхан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудаас санамсаргүйгээр сонгон гэнэтийн шалгалтыг хийсэн бөгөөд үүний нэг нь Петровис компанийн Хөгжил хотхоны зүүн талд байрлах шатахуун түгээх станц байв. Уг түгээгүүр шатахуун бүрэн шахаж буй эсэхийг шалгахад:
10 литрт +0.3 мл буюу зөвшөөрөгдөх хэмжээнд
50 литрт мөн +0.3 мл буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байлаа. Мөн лац хүчинтэй, бүрэн бүтэн байв.
Тус түгээгүүр АИ80 шатахуун борлуулдаггүй аж. Үүний учрыг ажилтнаас нь тодруулахад “Хотын төвөөр АИ80 шатахуун худалдаалахаа болиод хоёр жил орчим болж байна. Иргэд голчлон АИ92 шатахуун авдаг тул хотын замын зарим салбарт бага хэмжээгээр АИ80 борлуулж байгаа” гэв.
Шатахууны чанарыг шалгах шинжилгээний хариуг ирэх долоо хоногт танилцуулна
Хамтарсан шалгалтын баг шатахуун түгээгүүр тус бүрээс дээж авлаа. Ингэхдээ тусгай саванд дээж хийж, огноо болон тусгай код тэмдэглэж байсан юм. Ингэснээр шинжилгээ хийх лабораторийн ажилтан ямар компанийн бүтээгдэхүүнийг шинжилж буйгаа мэдэх боломжгүй юм.
АМГТГ-ын Төв лабораторийн төхөөрөмж нь нэг дээжийг гурван цагийн хугацаанд шинжилж, хариуг гаргадаг аж. Уг шинжилгээгээр октан чанарыг тодорхойлох бөгөөд хариуг ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулна хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.