Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу стандартын шаардлага хангасан амралтын газар, жуулчны баазууд, буудал, саун, фитнесс клубуудын үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт нээсэн. Үүнтэй холбоотойгоор сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх талаар иргэдээс холбогдох байгууллагуудад нь хүсэлт ирэх болжээ.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бүх сургалтын төвийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1 хүртэл явуулахгүй байх тушаал гаргасан.
Энэ тушаалтай холбогдуулан сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээгээгүй. Иргэдээс маш их санал, хүсэлт ирж байгаа учраас сургалтын төвүүдийг нээх асуудлыг холбогдох яамдуудтай ярилцаж байна” гэлээ.