Өнөө цаг Хонгконгийн ханиадны тахлын талаар яагаад хэн ч, юу ярихгүй байна вэ? Энэ бол 10 гаруй жилийн өмнө Азид гарсан ханиад огт биш. Энэ тахлаас болж дэлхий дахинаа нэг сая шахам хүн нас барснаар барахгүй зөвхөн Францад л гэхэд 31 мянган хүн амиа алдсан гэдэг.
Уг вирус 1968 оны 07 дугаар сард Хятадад анх гарсан боловч яагаад ч юм бэ, Хонгконгт илүүтэй тархаж, хүн амын 15% нь буюу хагас сая хүн халдвар авчээ.
Ингээд Хонгконгоос уг тахал Зүүн Өмнөд Ази, Энэтхэг, Австрали даяар тархав. Японд халдвар нэг их гараагүй, өвчилсөн хүмүүс цөөхөн байсан бөгөөд нас барсан хүмүүсийн тоо ч ханиадаар өнгөрсөн хүмүүсийнхтэй ойролцоо байжээ.
1968-1969 оны өвөл вирус дэлхийн нөгөө хагаст хүрчээ. АНУ-д энэ ханиадыг Вьетнамд дайтаж байсан цэргүүд авчирсан гэдэг. Ингээд Хонгконгийн ханиад гуравхан сарын дотор 50 мянган америкийн аминд хүрсэн юм.
1969 онд тахал Европ руу чиглэсэн ч нэг их дэлгэрсэнгүй. Хэдийгээр Франц, Германд халдвар их тарсаны улмаас сургууль, дэлгүүрүүдийг хаасан боловч хөл хориог тэр чигт нь тогтоогоогүй байна.
1969 оны зун хэсэг завсарласны эцэст 1969-1970 оны өвөл халдвар дахин дэгдэж эхэлжээ. Францад Хонгконг ханиадны улмаас 17 мянган хүн нас барсан болох нь батлагдсан бол БНАГУ-д 40 мянга орчим хүн үхжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор дэлхий дахинаа Хонгконг ханиадны улмаас нэг сая орчим хүн нас барсан гэдэг. 1968-1970 оныг хамарсан энэ тахал ийнхүү Испани ханиад (1918-1920 онд дэгдэж, 20-40 сая хүн нас барсан), Ази ханиад (1957 онд дэгдэж, 2 сая хүн нас барсан)-ны араас дэгдсэн ХХ зууны гурав дахь тахал болсон юм.
Олонх шинжээчид Хонгконг ханиадыг орчин цагийн анхны цар тахал гэдэг. Учир нь агаарын тээвэр хөгжсөнтэй холбоотойгоор маш хурдан, бараг л цахилгааны хурдаар тархаж, дэлхийн олон улс нас баралтын статистикийг хөтөлж байсан гэдгээрээ орчин цагийнх гэж үздэг байна.
Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тахлын талаар өнөөдрийн коронавирус шиг тэгтлээ их шуугиж байсангүй. Улстөрчид ч мөн үүнд нэг их анхаарал хандуулалгүй, бүгд л өдөр тутмын ажилдаа анхаараад тоолгүй орхижээ. Эрдэмтэд түгшүүрийн харанд дэлдэлгүй явсаар 1969 оны 10 дугаар сард ДЭМБ-аас Америкийн Атлантад тахлын үр дүнг гаргах бага хурал хийсэн байна. Шинжээчид энэ ханиадыг ялан дийлсэн гэдэг дээр санал нэгдсэн боловч тэр цагаас хойш уг вирусийн халдвараар дахиад мянга мянган хүн нас барсан байдаг.
Харин Хонгконг ханиадны бодит үр дүнг 2003 онд л анх гаргажээ. Тэр үед л уг өвчний вакцин 1968 оны есдүгээр сард гарсан нь тодорхой болсон аж.