УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатаас өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт гэх нэрээр газар ашиглах эрх аван амины болон нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж ихээр баригдсан нь дархан цаазат газрын байгалийн унаган төрх, төлөв байдал, дэглэм горимыг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, нутаг дэвсгэрийн нягтрал, хүн амын бөөгнөрөл, зам тээврийн ачааллыг багасгах, нэгэнт эвдэгдсэн, унаган төрхөө алдсан байгалийг дахин нөхөн сэргээхэд эдийн засгийн талаас нь дэмжлэг үзүүлэх нөхцөл боломж бүрдүүлэх зорилготой гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан.
Мөн тэрбээр танилцуулгадаа, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлтийг Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга, байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас үл хамааран аж ахуйн нэгжээс Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулан 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар иргэнээс 1м кв талбайгаас 1000 төгрөг, 6.3-д зааснаар хуулийн этгээдээс 1м кв талбайгаас 3000 төгрөг байхаар хуульчлан татвар авахаар зохицуулсан.
Хуулийн төсөл батлагдсанаар дээр дурдсан эерэг нөхцөл байдал бий болохоос гадна тухайн орон нутаг болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн эх үүсвэр шийдвэрлэгдэнэ гэдгийг онцлов.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс уг хуулийн төсөл нь цаанаа дархан цаазат газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалсан агуулгатай эсэхийг тодруулахын зэрэгцээ, тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлал, зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар хамаарах эсэхийг лавлаж байв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариултдаа, Дархан цаазтай тусгай хамгаалалтай газрыг зориулалтын бусаар ашиглаж, хууль зөрчсөн асуудал шүүх дээр очоод шийдэгдэхгүй, маргаан тасрахгүй олон жил бугшсан асуудлыг нэг талд нь гаргахын тулд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг тодотгов.
Түүнчлэн тэрбээр, хуулийн төсөлд нь дархан цаазат тусгай хамгаалалттай газар зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж эрхлэгчид ч хамаарагдахыг онцлоод үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нь аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүй гэж байлаа. Түүнчлэн гишүүд татварын хувь хэмжээх нэмэх болон бусад зарчмын зөрүүтэй санал байвал төслийн хэлэлцүүлгийн явцад тусгах бололцоотой гэж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд “Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад дархан цаазат газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа аж ахуй нэгжийг зөвшөөрөөгүй гэдэг агуулгад онцгой анхаарах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг “Дархан цаазат газрыг зориулалтын бус аргаар ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдээс авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай”, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Богд хан уулын аманд суурьшлын бүс үүсч, тэнд орон сууц худалдан авсан ч үл хөдлөхийн гэрчилгээгээ авч чадахгүй байгаа иргэдэд зохицуулалт хийх шаардлага тулгарсныг онцлоод нөгөөтэйгүүр, бүс нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах, хамгаалах механизмыг бүрдүүлэхэд эдийн засгийн хөшүүрэг болоход уг хуулийн төсөл ач холбогдолтой гэсэн саналтай байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт “Дархан цаазат Богд хан уулын газрыг хууль бусаар газар олгосон хүмүүст хариуцлага тооцох хуулийн төсөл боловсруулж, оруулж ирэх шаардлагатай гэсэн байр суурийг тус тус илэрхийлэв.
Ингээд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.