Коронавирусний халдвар тархсаны улмаас санхүүгийн дарамтанд өртсөн ард иргэдтэйгээ хамт гэдгээ илэрхийлж, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо цалин, урамшууллынхаа 30 хувиас, Засгийн газрын гишүүд 20 хувиас сайн дураараа татгалзаж, төрийн санд буцаан олгохоор болжээ.
Энэ тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдсэн байна. Японы эрх баригч болон сөрөг хүчний нам коронавирусний халдвар тархсаны улмаас орлого нь буурсан ард иргэдтэйгээ сэтгэл санаагаар хамт гэдгээ илэрхийлж, парламентын хоёр танхимын депутатуудын цалинг 20 хувиар бууруулахаар тохиролцсон тухайгаа өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм.
Энэ арга хэмжээ жилийн турш хэрэгжих ба холбогдох хуулийн төслийг удахгүй батлуулахаар парламентад өргөн барих аж.
Хоёр намын депутатууд сард 1.294 сая иенийн цалин авдаг бол Японы Ерөнхий сайд 3.3 сая иенийн цалин авдаг байна. Парламентын гишүүдийн бууруулсан цалинг халдвар тархсантай холбоотойгоор авсан янз бүрийн хязгаарлалтаас үүдэлтэй хохирлыг нөхөх, иргэдэд нөхөн олговор олгоход зарцуулах аж. Үүнтэй адил арга хэмжээг 2011 онд Японы гол арал Хоншюд цунами болж, “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад осолд гарсны дараа хэрэгжүүлж байжээ.
Эх сурвалж : МОНЦАМЭ