Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ойн экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталжээ. Ингэхдээ нэг шоо.метр модны үнэлгээг 2.7, нэг га ойн экологи, эдийн засгийн үнэлгээ гурав дахин нэмэгдүүлсэн байна.
Шинэчлэн баталсан ойн экологи, эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалдах баялгийн үнэлгээнээс гадна ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрсхүчлийн хийг шингээх зэргийн ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ. Ойн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жилд дунджаар гурван тэрбум төгрөг ордог байна.
Харин ойн экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр энэ мөнгөний хэмжээ хамгийн багадаа гурав дахин нэмэгдэж, ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ гэж тооцжээ.
Мөн залуу модны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоожээ. Тухайлбал, зургаан метрээс дээш өндөртэй шилмүүст модны нэг бүрийн үнэ 350000 төгрөг байсан бол одоо 977130 төгрөг болж байгаа юм байна. Ойгоос эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр залуу модыг хот суурины ногоон байгууламжид шилжүүлэн суулгахад энэ үнийг мөрдөх ажээ.
Модыг зөвшөөрөлгүй авсан тохиолдолд дээрх үнийг гурав нугалж хохирлыг тооцох юм байна. Ингэснээр хууль бус мод бэлтгэл, уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй ойд хохирол учруулах, түймэр тавих зэрэг ойн баялгийн эсрэг үйл ажиллагаанд тооцох хариуцлага өндөрсгөж, үүнийг таслан зогсоох алхам болно гэж үзжээ.