Түүхээ бүрэн дүүрэн мэдэхгүйгээс төөрөгдөж, төөрөлдөх нь бий. Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил гэсэн үг байдаг шиг санагдана. Тиймээс энэ удаа Манж Улстай холбоотой төөрөгдөл байдаг талаар МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын багш доктор, профессор Г.Буянтогтохын ярьсаныг уншигч та бүхэндээ хүргэе.
“Манж гэхлээр зарим хүн Хятадтай адилтгаад, хэлийг нь ч хятад хэлнээс ялгаж чадахгүй байх шиг байдаг.
Тэр ч битгий хэл, нэлээд боловсролтой, нийгэм, олон түмэнд нөлөөтэй гэгддэг хүн ч монголчууд Манж, Хятадын дарлалд олон зуун жил болсон мэтээр ярьж, бичсэн байдаг. Энэ бол маш хортой, буруу ойлголт, төөрөгдөл.
Монголчууд хэзээ ч Хятадад эзлэгдэн дарлагдсан түүхгүй. Монгол, Хятад аль аль нь 300–гаад жил Манж нарт дарлагдан нухчигдсан.
Манж нар энэ олон жил захиран боолчлохдоо “Монгол Улсын аж байдал нь үүл борооны адил болой. Үүл хурваас бороо орно. Монгол аймаг нэгдэж цэрэг байгуулна. Монгол аймгийн нэгдсэн цэрэг бутрах нь үүл сарниж, бороо орох луга адил болой. Тэдний аймгийн нэгдсэн цэрэг сарнисан хойно би мөрдөн хөөж, тасаг тасаг эзлэн авъя” гэсэн Нүрхаачийнхаа бодлого, зарлигийг чанд даган баримталж хэрэгжүүлж чадсанаар Монголын ард түмнийг боолоо болгоод зогсоогүй, эртний түүхт монгол түмэн тэдний энэ хорт бодлогод унан автсаны гайгаар Монгол Улс хэмээх сэтгэлийн албан бус төвтэй, Алтай, Буриад, Өвөр Монгол, Тува, Халимаг зэрэг харь гүрний эрхшээл доорхи нэр төдий улс, мужид хуваагдаад, хоног хоногоор бие биеэс холдсоор байна.
Мэхт мэхэндээ гэгчээр элдвийн аргаар Монголыг бутарган мөхөөсөн манж нар ахуйг нь эзлэн хайлуулах буюу оршихуйг нь ямх ямхаар солих Хятадын төрийн хар хайрцгийн бодлогод автан, аяндаа уусан мөхсөн гэж болно.
Ахуй буюу оршихуй алдагдахлаар сэтгэлгээ аяндаа харьжин устах ба хэл ч аяндаа мөхдөг. Ингээд үндэстэн ч дуусна. Манж нарын болон манж хэлний мөхөл оршихуйн энэ зүй тогтлын бодит гэрч төдийгүй монголчууд бидэнд ч дохио санамж болсоор байна” хэмээн ярьжээ.