Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг зургаадугаар сарын 1-нд хүлээн авч, эхний ээлжид Ковид-19 халдварын тусгаарлалтад ашиглах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос өчигдөр гаргасан.

Өнөөдөр тус эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нар газар дээр нь ажиллалаа.

Эмнэлгийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба бүрэн ашиглалтад оруулахад 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай юм байна. Уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад уламжилсан.

Төлөвлөсөн ёсоор эмнэлгийг ирэх зургаадугаар сарын сүүлээр улсын комисст хүлээлгэн өгөх ёстой. Цаг үеийн шаардлагаар гадны улс орнуудаас авчирсан иргэдийг нэг дор байршуулах мөн тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан үзэж Улсын Онцгой комиссоос дээрх эмнэлэгийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулах шийдвэрийг ийнхүү гаргаад байна.

Одоогийн байдлаар сувилал, эмнэлэг, зочид буудал зэрэг нийт 20 гаруй газар иргэдийг тус бүр хуваан тусгаарлаад байгаа юм.

Удахгүй ашиглалтад орох тус төрөх эмнэлэг нийт 800 гаруй өрөөтэй ба 140 ортой амаржих газар, 160 ортой нийт хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм.

Гурван блок бүхий 9 давхар эмнэлгийг эхний ээлжинд энэ сард багтаан нэг блок барилгыг ашиглалтад оруулах үүргийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин ерөнхий гүйцэтгэгч “Томо бюлдинг” ХХК-д өглөө.

Засгийн газраас тулгамдсан хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэн тул эмнэлгийн тусламжийн бэлэн байдлаа ханган, үлдсэн хэсгийг хугацаа ёсоор зургаадугаар сард багтаан хүлээлгэн өгөхөд бүх хүчээ дайчлан ажиллахыг хүсч, гүйцэтгэгч компанийн хамт олонд амжилт хүслээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн