Өчигдөр /2020.04.14/ Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, “Монос”, “Нахиа импекс” компаниудыг техникийн спирт ашиглан гар ариутгагч үйлдвэрлэсэн талаар ярьсан билээ. Харин тус хоёр компани үүнийг хариу мэдэгдэлдээ үгүйсгэж, 3-р зэрэглэлийн хүнсний спиртээр гар ариутгагчаа үйлдвэрлэдэг гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Иймд МХЕГ-аас энэ асуудлаар тодруулга хийлээ. “Эмийн үйлдвэрүүд МХЕГ-аас гаргасан мэдэгдэл ташаа байна, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан гэж мэдэгдэл хийсэн. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс бид нэмэлт тодотгол хийж байна.
Нэр дурдсан компаниуд биднийг үндэслэлгүй, буруу мэдээлэл түгээлээ хэмээн хариу мэдэгдсэн. “Монос” групп, “Нахиа импекс” ХХК-иуд техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн нь үнэн.
УОК-ийн долоодугаар хуралдаанаар улс даяар гар ариутгагч шингэний хүрэлцээг хангах, түүхий эд болох спиртийн хүрэлцээт байдлыг судлах чиглэл авсан. Үүний дагуу хяналт, шалгалт явуулахад дээрх зөрчил илэрсэн.
Монгол Улсад гар халдваргүйжүүлэх бэлдмэл үйлдвэрлэх MNS 61592010 стандарт бий. Стандартын дагуу 96 хувийн, тансаг зэрэглэлийн этилийн спиртээр гар ариутгагчийг хийх ёстой. Этилийн спирт дотроо альфа, тансаг, онцгой, дээд гэсэн дөрвөн зэрэглэлтэй.
Харин “Монос” групп, “Нахиа импекс” ХХК-иуд нь 3-р зэрэглэлийн этилийн спиртээр үйлдвэрлэдэг гэх хариу мэдэгдэл гаргасан. Энэ нь 1986 онд барьдаг байсан хуучин стандарт бөгөөд техникийн спиртийн нэршил юм.
Мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоож, дүрэм журмыг хангуулж ажилладаг. Хангаагүй ААН-үүдийг албадан хангуулдаг чиг үүрэгтэй.
Нэр дурдсан хоёр компани гар ариутгагч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл ч аваагүй байсан. Ийм тусгай зөвшөөрөлтэй гурван компани байдаг нь “Монхимо”, “Тавин ус”, “Вэст мед” нар. Тиймээс үнэн бодит байдлаа хүлээлгүй нийгэмд буруу ойлголт түгээж буйг нь олон нийт зөвөөр ойлгох хэрэгтэй.
“Монос” группийн хувьд сургуулийнхаа байранд, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд спиртээ хадгалж байсныг тогтоосон. 3 сая төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ авсан” гэлээ.