Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Санхүүгийн зохицуулах хороо болон Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсоно.
Харин Өргөдлийн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Монголбанкнаас гаргасан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонсож, тус байнгын хорооны 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлах аж.
Үдээс хойш буюу 14.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг байгуулах бол 15.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.