Дэлхийн алдартай улстөрчид заримдаа тун өвөрмөц бэлэг бусдад өгч, бусдаас хүлээн авдаг. Тэдгээрээс хүргэж байна.
БАРИМТ. Аргентинд өнгөрсөн оны тавдугаар сард нэгэн дуулиан дэгдсэн юм. Тус улсын экс Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь тун өвөрмөц бэлэг өгсөн юм байх.
Энэ нь Аргентины үндэсний хосгүй баримт болох, 1970-аад онд архиваас хулгайлагдсан хоёр баримт бичиг юм байна. Нэг баримтыг нь Аргентин, Чили, Перугийн баатар, генерал Хосе де Сан Мартин 1835 онд бичсэн бол хоёр дахь нь 100 жилийн өмнө Аргентины Ерөнхийлөгч байсан Иполито Иргоены өдрийн тэмдэглэл юмсанж.
Аргентины Ерөнхийлөгч асан Киршнер их хэмжээний авлигын хэрэгт холбогдож, мөрдөн шалгалтын явцад гэрээс нь эдгээр хосгүй үнэт баримт олджээ. Тэрбээр эдгээр баримт бичгийн үнэ цэнийг мэдээгүй гэж мэлзжээ.
БЕРЛУСКОНИД ЗОРИУЛСАН ОР. Ер нь Путин тун хачин бэлэг өгдөг зуршилтай. Жишээ нь Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн 65 насны ойгоор том ор, хоёр удирдагчийн зурагтай бүтээлэг бэлэглэжээ. Тухайн үед Берлусконигийн сексийн донтой холбоотой ээлжит дуулиан дэгдэж байсан болохоор бэлгийн сонголт нь яг л өдөөн хатгасан мэт болж чаджээ.
БУШИД ЗОРИУЛСАН ЛУУ. 1990 онд АНУ-ын Ерөнхийлөгч том Жорж Бушид Нага нэртэй комодын амьд луу бэлэглэжээ. Индонезийх Ерөнхийлөгч Сухартогийн энэ бэлгийг Цинциннатийн амьтны хүрээлэнд шилжүүлсэн байна. Нага тэндээ удаан, үр бүтээлтэй амьдарч, 32 бяцхан луутай болж чаджээ.
БРЕЖНЕВТ ЗОРИУЛСАН ЛИМУЗИН. Леонид Брежневийг тансаг, хурдан автомашинд дурладгийг мэдсэн дэлхийн олон орны удирдагчид түүнд ийм бэлэг барьдаг байжээ. Хүндэт Леонид Ильичийн цуглуулгад Зөвлөлтийн “Чайка”, “Волга”, ЗИЛ-үүдээс гадна импортын тансаг автомашин 10 гаруй байсан. Тэр дундаа “Линкольн”, “Кадиллак”, “Крайслер” зэрэг америк машин нэлээд хэд байжээ. Мөн “Мерседес-пульман”, “Мазерати”, “Ниссан”-ы загвар ч байсан гэдэг.
ЗХУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын гараашт “Роллс-Ройс Мөнгөлөг сүүдэр” загварын хоёр ч машин байсны нэг нь 1968 онд Америкийн бизнес эрхлэгч Арманд Хаммер бэлэглэсэн гэдэг. Хамгийн сонирхолтой нь энэ машин нь ердөө л 5-хан ширхэг үйлдвэрлэгдсэн загварын нэг юм байна.
ТРАМПАД ЗОРИУЛСАН ЧЕРЧИЛЛИЙН НОМ. Их Британийн хатан хаан II Елизавета АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад бэлэгний сонголт сайтай гэдгээ харуулж, Уинстон Черчиллийн “Дэлхийн хоёрдугаар дайн” нэртэй гар бичмэлтэй ном бэлэглэжээ. Энэ бэлгийг Трамп 2019 оны 06 дугаар сарын 03-нд авчээ.
КИМҮҮДЭД ЗОРИУЛСАН БЭЛГИЙН ХОЁР МУЗЕЙ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун бэлгийн хамгийн том цуглуулгатай гэдгээрээ гайхуулж болохоор юм. Энэ цуглуулгад түүний өмнөх удирдагчид болох өвөө Ким Ир Сен, эцэг Ким Чен Ирийн бэлэгнүүд ч орсон гэдгийг тэмдэглэх нь зөв.
Кимүүдийн бэлэг хоёр музейд байршдаг бөгөөд нэг нь Пхеньяны захад Рёнаксан уулын энгэрт 9000 орчим бэлэгтэйгээр, нөгөөх нь Мёхянсан ууланд гадаадынхнаас ирсэн 100 мянга гаруй бэлэг байдаг. Тэнд байхгүй зүйлс үгүй.
Жишээ нь ЗХУ-ын удирдагчийн 1958 онд бэлэглэсэн Ил-14 онгоц, Сталины 1948 онд бэлэглэсэн зорчигчийн вагон, “люкс” автомашинууд, хэмжээгээрээ Гиннесийн номонд орсон 38 метр ширээ, том томшгүй олон хутга, зэвсэг, алтаар хийсэн гээд олон төрлийн аяганы иж бүрдэл, агуу тоглогчдын гарын үсэгтэй хөлбөмбөг, сагсан бөмбөгийн бөмбөгнүүд, хатгамал болон ардын бусад эдлэл ордог байна.
https://etcetera.media/kakie-neobyichnyie-podarki-delali-politikam.html