Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс Яармагийн 300 ортой амаржих эмнэлгийн барилгын үйл явцтай өнгөрсөн бямба гарагт танилцлаа.
Тус 300 ортой эх, хүүхдийн эмнэлэг нь Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх ба 140 ор нь амаржих газар, 160 ор нь хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв байхаар төлөвлөж байна.
Нийт 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгөөр зураг төсөл боловсруулсан барилгын ажил нь өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна. Эхний ээлжинд нэг блокийг ашиглалтанд оруулах, дараа нь нөгөө блок гэсэн зохион байгуулалттай ажиллах чиглэл өгөөд ажиллаж байна.
Тус эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх Дэлхийн банкны 26.9 сая ам.долларын Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд гарын үсэг зурсан. Удахгүй УИХ-аар уг хэлэлцээрийг батална. Ингэснээр 10 гаруй сая ам.долларын тоног төхөөрөмжүүдийг 300 ортой төрөх эмнэлэгт суурилуулна гэж ЭМЯ-ы сайд Д.Сарангэрэл хэллээ.