Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Ард иргэдийн өдрийн цагт тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж явахыг уриалсан байгаа. Энэ нь ард иргэддээ аюулт коронавирусийн халдвар дуусаагүй байгаа шүү гэдгийг анхааруулж байгаа юм. Энэ нь аюулт өвчин дуусах хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Мөн нийслэлд шар өвс шатаахтай холбоотой түймэр гарч байна. Хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байгаа энэ үед нийслэлийн ногоон бүсэд иргэдийг алхахыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хориглосон байгаа. Иймд гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг зөвлөж байна.
УОК-ын 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны 437 тоот албан бичгээр аймаг, нийслэлийн тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор хязгаарлах зохицуулах арга хэмжээг авах тухай бичгийг Засаг дарга нарт хүргүүлсэн байгаа. Өнөөдрийн буюу 4 дүгээр сарын 12-ны байдлаар аль нэг аймаг, нийслэлийн Засаг даргаас тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гараагүй байна. Хуулийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байж хязгаарлалт хийгддэг.
Тиймээс нийслэлийн иргэдийн хувьд өнөөдөр хуучин журмаараа замын хөдөлгөөнд оролцоно. Өөрөөр хэлбэл, 1 болон 6-аар төгссөн тээврийн хэрэгслүүд 08:00-20:00 цагийн хооронд хязгаарласан бүсэд хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг. Тээврийн хэрэгслийн тэгш, сондгой хязгаарлалт хийхгүй юм.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар УОК-оос явуулсан бичгийн дагуу тодорхой нутаг дэвсгэртээ тэгш, сондгойгоор явуулах захирамжийн төслийг боловсруулаад, батлуулаад ард иргэдэд мэдээлсний дараа Цагдаагийн байгууллагаас дугаарын хязгаарлалттай холбоотой зохицуулалтыг хийнэ. Тэр болтол баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, маргаашаас тэгш, сондгойгоор хязгаарлана гэсэн батлагдаагүй шийдвэрийг дагах хэрэггүй.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нараас тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох шийдвэр гаргавал мэдээлэх болно. Тиймээс маргааш, нөгөөдөртөө дугаарын хязгаарлалт хуучин хэвээрээ мөрдөгдөнө.
Мөн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн машин дотроо ч гэсэн амны хаалтаа зүүж байхыг уриалж байна. Автомашины бүхээг рүү гаднаас бохир агаар орж ирдгийг анхаарах хэрэгтэй” гэлээ.