АНУ-ын технологийн томоохон компаниуд болох “Apple”, “Google” хамтран хэрэглэгчдээ коронавирусээр халдварласан хүмүүстэй ойр хавьтсан эсэхийг тогтоодог ухаалаг гар утасны хавсралтууд бүтээхээр болжээ.
Эдгээр компаниас баасан гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, “Bluetooth” утасгүй технологийн тусламжтайгаар уг хавсралтууд хэрэглэгчдийнхээ гар утасны мэдээллийг цуглуулах бөгөөд батлагдсан вирус тээгчидтэй хавьтсан тохиолдолд сэрэмжлүүлэг хүргэх ажээ.
“Apple”, “Google” хамтарсан хөгжүүлэлтээ ирэх тавдугаар сард гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хэрэглэгчдийн мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгээр ашиглах гэнэ. Түүнчлэн хувийн мэдээллийг маш сайн хамгаална гэдгээ технологийн компаниуд мэдэгдсэн байна.
Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, өрсөлдөгч компаниуд ийнхүү хамтран ажиллахаар болсон нь маш ховор тохиолдол ажээ.
Эх сурвалж: NHK