Aрдчилсан намын дэнчингийн 100 саяын асуудлаар Ардчилсан намын гишүүн, Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийв. Тэрбээр “Сонгуульд нэр дэвшигчид намынхаа тогтоосон дэнчин татварыг тушаагаад , хандиваар зардлаа босгоод явдаг нь хэвшил болсон. Манай намын нэр дэвшихээ илэрхийлсэн Үндэсний бодлогын хорооны 100 гаруй гишүүд бий ойролцоогоор тогтоосон.
Миний хувьд төрж өссөн Баянхонгор аймгаасаа нэр дэвшихээр 2019 оны 12 сарын 15-ны өдөр эхний дэнчин болох 40 сая төгрөгөө тушаасан. 2020 оны нэгдүгээр сарын 31-ны дотор дараагийн 30 сая төгрөгөө, 2020 оны гуравдугаар сарын 1-ны дотор сүүлийн гучин сая төгрөгөө тушаасан баримт нь байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний бодлогын хорооны 100 гаруй гишүүд 100 сая төгрөгөө миний адил тушаасан.
Өнөөдөр нэр дэвшихээ илэрхийлсэн 100 гаруй гишүүний нэрсийг ганцхан С.Эрдэнэ дарга мэдэж байгаа. ҮБХ-ны гишүүдэд одоогоор зарлаагүй.
Өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр 100 гаруй хүний нэрс гэж мэдээлсэн. Тэрийг би хэн нэгэн мэдээлэл өгсөн гэсэн тийм зүйл огт байхгүй. Манай намынхнаас мэдээллээ гаргаад явах гишүүд ховор.
Хүн хэчнээн боловсролтой, царай зүстэй байгаад мөнгөгүй байвал дэвшиж чадахгүй гэсэн мэдэгдлийг С.Эрдэнэ том намын даргын хувьд хариуцлагагүйгээр мэдэгдсэн.
Гурван нэр бүхий шаардах хуудсыг хүргүүлж байна. Иймд нэр дэвшигчдийн нэрсийг ил болго, гишүүдийг үзэл бодлоор нь уралдуулж нэр дэвшүүлэх ёстой байтал өнөөдөр С.Эрдэнэ дарга мөнгөөр уралдуулж байна.
Сонгуулийн зардлын дээд хэмжээг 2020.02.28-нд Үндэсний аудитын газраас тогтоосон. Үүнд 400-800 сая төгрөгийн хооронд зардлууд гарсан байгаа. Манай аймагт 398 сая төгрөг баталсан. Үүгээр С.Эрдэнэ дарга хоёрдугаар шатны гэрээг хийлгэсэн.
Үүнийг миний бие ойлгохдоо 100 сая төгрөгөө тушаачихсан 100 гаруй хүний мөнгө буюу 10 гаруй тэрбум төгрөгөөр нам өөрөө сонгуульд орох нь гэж бодож байтал дахиад сонгуулийн зардал гаргаж ирж нэхэж байгаа нь хар дагуулсан. Тэгээд дунд шатны гэрээ гэж нууц гэрээ байгуулан хүч түрж биднээр гарын үсэг зуруулсан. Зурахгүй бол нэр дэвших асуудал байхгүй гэрээгээр дүгнэн гэсэн.
Эрдэнэ даргын хамаарал бүхий хүмүүсээр Үнэлгээний хороо байгуулагдсан. Гэрээг байгуулагдсан. Гэтэл гэрээг ерөнхий менежер Баярсайхан, Баттулга, манай аймгийн дунд шатны намын дарга, сонгуулийн менежер гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёрдугаар шатны гэрээг байгуулсан.
Уг гэрээгээр бол 10,20, 20 хувь гэсэн гурван үе шаттайгаар тавдугаар сарын нэгний дотор төлөх юм.
Миний бие Эрдэнэ даргаас ганц зүйл асуусан. 100 саяа тушаачихсан араас нь 400 саяын тавин хувь буюу 200 саяа тушаачихаад мандатаа авч чадахгүй бол яах вэ гэсэн чинь “Хохьчино” гэж байна лээ. Нам ялчихвал улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэнэ. Энэ бол Ардын намын 60 тэрбумын схемийг С.Эрдэнэ дарга зурчихаад байгаагаа нотолчихоод байна” гэв.