Хонгконгийн Ocean Park амьтны хүрээлэнгийн ажилтнууд Ин Ин нэртэй эмэгчин, Ле Ле нэртэй эрэгчин хулсны баавгайг 2010 оноос хойш нийлүүлэх гэж оролдсон боловч огт амжилт олоогүй байна. Гэтэл хөл хорионы үеэр амтны хүрээлэнг хааснаас хойш амьтад амжилттай эвцэлдэж чаджээ.
“Байгалийн жамаараа эвцэлдэх нь хиймлээр үр тогтоохоос илүү үр дүнтэй байдаг” гэж Ocean Park-ийн амьтан судлалын үйл ажиллагаа, төрөл зүйлийг хадгалах хэсгийг хариуцсан гүйцэтгэх захирал Майкл Боос хэлсэн байна.
Амьтны хүрээлэнг нэгдүгээр сарын сүүлчээр хаасан аж. Харин гуравдугаар сарын сүүлчээр хоёр хулсны баавгайн байдал өөрчлөгдсөнийг ажилтнууд нь анзаарчээ. Ин Ин усанд тоглож өнгөрөөх нь нэмэгдсэн бол Ле Ле нь Ин Иний үнэрийг хайж, газар малтаж эхэлжээ.
Ин Ин хээлтсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ үр тогтсон бол 06 дугаар сарын сүүлч гэхэд үйл хөдлөл нь өөрчлөгдөж эхэлнэ гэж Боос тайлбарлажээ.
Том хулсны баавгай нь Улаан номонд орсон ховор амьтдын нэг юм. Хятадад хулсны баавгайг хөнөөвөл цаазын ял оноодог. Том хулсны баавгайг үржүүлэхэд маш хэцүү, тэд үржилд орох тийм ч дуртай биш байдаг гэнэ.
Дэлхийн онгон байгаль хамгаалах сангийн мэдээлснээр энэ төрлийн амьтнаас 1864 нь байгальдаа идээшдэг бол 400 орчим нь энэ амьтныг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд дэлхийн амьтны хүрээлэнгүүдэд идээшиж байна.
Эх сурвалж: esquire.ru
Орчуулсан Э.МАРТ