“Коронавируст халдвар(covid-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар өөрсдийн нөөц бололцоонд таарсан арга хэмжээг оны эхнээс үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Засгийн газраас Монгол хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн тэргүүнд анхаарч ажилласаар ирснийг хэлмээр байна. Үүний зэрэгцээ ажлын байрыг хамгаалах, иргэдийн амьжиргаа, орлогыг дэмжих, хүүхдүүддээ анхаарах, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газраас корона вируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасан.
Тогтоол батлагдсантай холбогдуулан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, ресторан, нийтийн хоолны газар болон үзвэр үйлчилгээний байгууллагуудын болон иргэний бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна гэлээ.
Төрийн байгууллагын шийдвэрээр тогтоосон хязгаарлалт нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес, түүнчлэн өрх, иргэдэд санхүүгийн эрсдэлийг бий болгож буй аж. Тухайлбал аж ахуйн нэгжүүд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрч байгаагаас гадна ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээг авч эхэлжээ.
Иймд хувийн хэвшлийн ажил олгогч ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги торгуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх замаар бизнес эрхлэгчдэд ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж Засгийн газар үзжээ.
Иймд корона вируст халдварын цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан ба үүнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах арга хэмжээнүүдийг тодорхойлжээ.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж, үүнд шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвт зохицуулалт хийх, гадаадын зээл, тусламжийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх замаар санхүүжүүлэх; коронавируст халдвар (СО\/Ю-19)-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортоор оруулахад гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг тогтоолын төсөлд тусгажээ.
Иргэдийн орлогыг хамгаалах чиглэлээр Монгол Улсын иргэний 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөх бөгөөд төрийн албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого үүнд хамаарахгүй юм байна. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 2020 онд улс, орон нутгийн төсөв, гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, тус ажпыг хийж гүйцэтгэсэн хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний зөвхөн уг ажилтай холбоотой олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого мөн хамаарахгүй юм.
Түүнчлэн коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байрыг хадгалж байгаа төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжийн даатгуулагч Монгол Улсын иргэнд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийн дэмжлэг олгох; Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагатай мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан сайн дурын даатгалын гэрээ байгуулсан Монгол Улсын иргэний 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд түүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү орлогод ногдох тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлж, даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцохоор тусгасан байна.
Ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгаад байгааг Сангийн сайд мэдээлэлдээ дурдсан.
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдан дээрх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү төрийн албан хаагч иргэдийн хувьд дийлэнх хувь нь ипотекийн зээлтэй, мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн тогтворгүй байдал үүссэний улмаас ар гэрийн аж амьдралд нь хүндрэл үүсч байгааг харгалзан тэднийг хувь хүний орлогын албан татвараас болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөх, уг дэмжлэгийг иргэн бүрд жигд хүртээмжтэй үзүүлэх үүднээс төрийн өмчит компанийн ажилчдыг бүрэн хамруулах, мөн ноос, ноолуураа борлуулсан малчдад нөхөн төлбөр олгох асуудлыг зөв зохистой нэвтрүүлж хэрэгжүүлэх шаардлагатай, УИХ-ын гишүүн О.Батнасан төрийн албан хаагчид цалин хөлсөө аваад ажиллаж байгаа тул татварын хөнгөлөлтөд хамруулалгүй харин тэднийг цахим хэлбэрээр ажиллуулах нөхцөлийг судалж хэрэгжүүлэх, малчдын амьжиргааг дэмжих асуудлыг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байна, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хүн амын дийлэнх хувь нь хамрагдах эдгээр багц арга хэмжээний талаар Засгийн газрын боловсруулсан төслийг яаралтай хэлэлцэн батлах нь зүйтэй, харин ипотекийн болон бусад хэрэглээний зээлийн эргэн төлөлттэй холбоотой үүсч байгаа хүндрэлийг бууруулах, малчдын амьжиргааны голлох эх үүсвэрийн нэг болох ноос, ноолуурын борлуулалтыг дэмжин, үнэ ханшийг нь тогтвортой барих асуудлыг анхаарах, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол иргэдийн орлого огцом буурч байгаа энэ нөхцөлд багц арга хэмжээний төсөлд тусгагдсан асуудлыг дэмжих нь зүйтэй, харин ажлын хэсэг байгуулан иргэд, аж ахуйн нэгжүүдийг татварын чөлөөлөлтөд бүрэн хамруулах, төрийн өмчит их, дээд сургуулийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг асуудлыг судлах нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав.
Хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Эдийн засгийн байнгын хороо мөн өнөөдөр хуралдаж, тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ онцгой нөхцөл байдалтай ажиллаж байгаа энэ үед банкны зүгээс хадгаламжийн болон зээлийн хүүг бууруулах талаар хэрэгжүүлэх боломжтой бүх арга хэмжээг авах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ялангуяа хөдөө аж ахуйн богино хугацааны бодлогыг боловсруулж цогцоор нь шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав банкны зээлийн хүүгийн асуудлыг анхаарах, онцгой нөхцөлд хэрэгжүүлэх асуудалд Хөгжлийн банкыг татан оролцуулах, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва хүнсний салбарт онцгойлон анхаарах зэрэг санал гаргасан хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
/Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны мэдээллийг эндээс үзнэ үү/
Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, Д.Тэрбишдагва, Н.Оюундарь, Я.Санжмятав, Д.Мурат, Д.Ганболд, М.Билэгт, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Ж.Батзандан, Б.Саранчимэг нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Д.Оюунхорол нар үг хэлж байр сууриа илэррхийлсэн юм. Эцэст нь хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.