Туул голын ай сав газрыг бохирдлоос хамгаалах, хог хаягдал хаясан иргэн, аж ахуй нэгжийг олж тогтоон хуульд заасан хариуцлага хүлээлгэх, нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Туул голын сав газрын захиргаатай хамтран “Эко-туул-2020” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын хар хошуунаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Био-Комбинатын модон гүүр хүртэл голын эрэг дагуу хяналт шалгалт хийж ажиллаа.

Арга хэмжээний хүрээнд голын эрэг дагуу гэр бүлээрээ агаар, салхинд гарсан иргэдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулж, хог хаягдал хаяхгүй байх, байгаль орчноо хамгаалах талаар ухуулга яриа хийж, хог хаягдал хаясан, иргэнд хариуцлага тооцох тухай хуулийн заалт бүхий санамж, материалыг тарааж ажиллав.

Хяналт шалгалтаар Баянзүрх 11 дүгээр хороо “Хүрхрээ ам”-ны харалдаа хойд хэсэгт Туул голын онцгой хамгаалалтын бүсэд голын эрэг дагуу их хэмжээний барилгын хог хаягдал хаясан,

Баянзүрх 11 дүгээр хороо “Хүрхрээ ам”-ны харалдаа хойд хэсгийн усны сан бүхий газарт ISUZU /миксер/ маркийн тээврийн хэрэгслийн жолооч С, нь бетон зуурмагын үлдэгдэл угаадсыг зохих зөвшөөрөлгүй асгасан,

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчооны туул голын гүүрний баруун урд хэсэгт иргэн М нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээ голын усанд угаасан,

Сонгинохайрхан дүүргийн 20 хороо Сонсголонгийн замаас баруун тийш 2 километр орчим зайд HYUNDAI /миксер/ маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б нь бетон зуурмагын үлдэгдэл угаадсыг зохих зөвшөөрөлгүй асгасан зэрэг зөрчлүүдийг илрүүлэн хуульд зааснаар хариуцлага тооцон ажиллаж байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн /Усны тухай хууль зөрчих/ 8 дахь хэсэгт: Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Экологийн цагдаагийн алба

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн