Засгийн газраас оруулж ирж байгаа тогтоолын төслийг дэмжиж байна. Монголбанканд хандаж хэлэх үг байна. Энэ бодлогын хүү, хадгаламжийн хүүгээ доош нь буулгах дорвитой арга хэмжээ аваач ээ. Та бүхний хариулт, хийж байгаа ажил цаг үетэйгээ зохицохгүй байна. Дайны байдалтай, хүнд нөхцөл бий болчхоод байна ш дээ. Зөвхөн Монгол Улс биш, дэлхий дахины хэмжээнд хүнд нөхцөл байдал бий болчхоод байна. Энэ цааш нэг хоёр жил үргэлжлэх эдийн засагчдын тооцоо судалгаа гарч ирээд байна.
Үүнтэй холбоотой онцгой арга хэмжээ авмаар байна. Засгийн газар бүх боломжоо ашиглаж байгаа гэж хэлж байна. Түүнтэй адил бүх боломж бололцоог ашигламаар байна. Хүүгээ буулгамаар байна.
Мөнгөтэй хүмүүсээ ад үзээд байгаа юм биш. Хадгаламжийн хүүгээ буулгачих. Хадгаламжийн хүү таалагдахгүй байгаа бол эдийн засаг руугаа гаргаад бизнесээ хий л дээ. Битгий тэнд мөнгө хүүлээд байгаач дээ гэсэн логикоор л хандаад байгаа ш дээ.
Тэгэхээр хадгаламжийн хүүгээ бууруулаад үйл ажиллагааныхаа хүүг хоёр гурван хувиар нэмэгдүүлээд явахад боломж бололцоо байх ёстой. Энэ өнцгөөс хараад та бүхэн онцгой арга хэмжээ аваад яваач ээ.
Ноолууртай холбоотой асуудал дээр зах зээл маань үнэхээр доошоо уначхаад байна. Бидний муугаар яриад байдаг Хятадуудыг харах зайлшгүй шаардлагатай болчхоод байна. Нийт ноолуурынхаа 80 гаруй хувийг бид гадагшаа гаргачхаад байгаа ш дээ. Тэгэхээр урд зах зээлийнхээ үнийг судалмаар байна. Үнэхээр тэр урд зах зээлийн үнэ нь буураагүй байгаа бол холбоо харилцаагаа тогтоомоор байна. Засгийн газар, яамдын хэмжээнд холбоо тогтоогоод зах зээлээ сэргээх асуудал гаргаж ирж явахгүй бол урд зах зээлтэйгээ уялдаад энэ ноолуурын үнэ унана шүү. Үйлдвэрлэгчид, малчдаа бодсон засгийн газрын бодлого зогсох гээд байна.
Ер нь бол ноолуур хөтөлбөр хэрэгжүүлж, засгийн газраар баталж байж, эргэлтийг дэмжиж байж сүүлийн хоёр жил 100 мянган төгрөг болгож, ноолуурын үнийг нэмсэн. Энэ хэмжээнд үйлдвэрлэл хөгжиж байгаа, одоо үүнийг алдаад унагаад хаячихмааргүй байна.
ХХААХҮ-ийн яам бодлогыг нэг хоёр жилээр нь цогцоор нь харах хэрэгтэй байна. ОХУ-д нэг жишээ байгаа. Сүүлийн хэдэн жил гадаад зах зээл нь хаагдаад явах үед дотоодын зээл, дотоод үйлдвэрлэлээ дэмжсэн. Энэ бодлогынхоо хүрээнд дотоодын үйлдвэрлэл, тэр тусмаа хүнсний үйлдвэрлэл дээр 40 –өөд хувиар үйлдвэрлэл нь өссөн.
Бид өнөөдрийн энэ онцгой нөхцөл байдалд үйлдвэрлэлээ дэмжсэн гадаад зах зээлийг нь дэмжсэн, гадаад зах зээлд юугаа гаргаж болох юм. Тэр тусмаа мах махан бүтээгдэхүүний асуудал дээр, гадаадын экспорт байж болох юм уу. Дотооддоо ямар хэмжээгээр үйлдвэрлэх юм. Энэ хавар, зун махны бэлтгэлээ хэрхэн хийх юм. Махны үйлдвэрүүд бэлтгэл хир хангагдсан. Тэдэнд ямар дэмжлэг үзүүлэх юм. Малчдыг яаж дэмжих юм. Махны үйлдвэрлэл дээр нэмээд тэжээлийн аж ахуй дээр нь яаж дэмжлэг үзүүлэх юм.
Хаврын тариалалтаас эхлээд төмс, хүнсний ногооны бэлтгэлийг нэмэгдүүлмээр байна. Үрийн бодлогыг нэмэгдүүлмээр байна. Дэмжлэг үзүүлмээр байна. Техник, тоног төхөөрөмжийнх нь дэмжлэгийг үзүүлмээр байна. Урт хугацаанд хадгалах зоорины асуудлыг дэмжиж өгмөөр байна.
Үхрийн фермер, сүүний гээд бүх асуудлаа цогцоор нь харж үзмээр байна.
Хоёр жилийн хугацаанд явах, дотоодын үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, хөнгөн ба хүнсний ямар үйлдвэрлэлүүд дотооддоо бий болгож болох юм. Импортыг орлосон үйлдвэрлэлийг дэмжих бүх бодлого, үйлдвэрлэлүүд рүү очсон санхүүгийн дэмжлэг, зээлийн хүүг буулгах, татвар болон нийгмийн даатгалын хөнгөлөлтийн асуудлуудыг засгийн газраас хийж байна. Дээрээс нь тоног төхөөрөмжийн болоод технологийн ямар дэмжлэг гарч болох юм бэ гэх тал бүрийн асуудлыг нь авч үзэж байж хоёр жилийн хугацаан дахь дотоод үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулах шаардлага байна.