Намайг оюутан байхад багш маань нэгэн сонирхолтой түүх ярьж билээ. Багш оюутан байхдаа II дайны үеийн Санкт Петербургд бүслэлтэд өлсөж, зовж байсан эмгэний гэрт амьдардаг байжээ. Энх цаг ирсэн ч эмгэн хэзээ нэгэн цагт өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй гээд зоорийн өрөөгөөр дүүрэн сухар хийж хадгалдаг байсан гэнэ. Өдөр бүр хүнсний зүйл хийж хадгална. Өлсгөлөнгийн зовлон түүний сэтгэц, зан байдалд ингэж л нөлөөлжээ.
Сүүлийн 100 жилийг эс тооцвол хүн төрөлхтөн гал түлэх шаардлагагүй дулаан байшинд хоргодож, биеийн хүчээр хөдөлмөрлөх хэрэггүй ердөө хуруугаа хөдөлгөж ажил хийдэг болсноос үзэхэд хахир хүйтний өвлийг хэрхэн даван гарах, хоол хүнсээ нөөцөлж авах талаар санаа зовохоо болив. Уг нь хөдөөний айлын намар, хаврын ажил гэж дийлдэхгүй их. Түүнд бэлтгэж бүх хүчээ дайчлах нь хүний зөн ажээ.
Хэдийгээр бид хот, суурин соёл иргэншилтэй болсон ч аливаа аюул заналхийлэлд амьтны араншингаа гаргасаар байгааг сая тохиолдсон “корона вирус”-ын үймээн харуулж байна. Монголд эхний тохиолдол илэрсний дараа олон түмэн хамгийн түрүүнд тэрэг дүүрэн хүнс цуглуулсан. “Дэлхий сөнөдөг өдөр” ч гэсэн хүнс, лаагаа цуглуулаад зуслангийн байшин руугаа цувсан билээ. Харин өрнөдийн орнуудад ариун цэврийн цаас хамгийн түрүүнд дууссан. Яагаад ч юм хэрэгцээгээ бүрэн ухамсарлахгүй хэрнээ тэмцэлдэн барин цуглуулж байсан.
Энэ мэт зан байдлыг сэтгэл судлаач, нейросайнтистууд дараах байдлаар тайлбарлаж байна. Ялангуяа Монголд хүнс цуглуулж байгаа үзэгдлийг сөрөг байдлаар шүүмжилж байсан ч энэ нь буруу биш гэнэ. 25 жилийн турш хүний “цуглуулах, нөөцлөх” зан байдлыг судалж буй Мичиганы их сургуулийн сэтгэл судлалын профессор, зан байдлын нейросайнтист Stephanie D Preston амьтдын адил байгалийн шалгарлын эсрэг тэсэж үлдэх хүний зөн гэж тайлбарлаж байна.
Зарим хүнд хүнс, барааг шаардлагагүйгээр хэт их “цуглуулах, нөөцлөх” зан байдал харагддаг. Үүнийг зарим талаараа Hoarding disorder буюу цуглуулах эмгэг гэж нэрлэж байна. Энэ нь яг бие даасан нэршил, онош биш хэдий ч OCD, ADHD зэрэг эмгэгийн үед илэрдэг шинж тэмдэг гэнэ. Гэтэл эрүүл хүн ч гэсэн ирээдүйд учрах эрсдлээс сэргийлж мөнгөн хуримтлал үүсгэдэг, мөнгөө аль болох хэмнэхийг хичээдэг, идэхгүй мөртлөө хүнсний зүйлс ихээр авдаг. Энэ бүхэн бас л цуглуулах зан үйлийн жишээ гэжээ. Хэрэм ч гэсэн бүтэн жил идэх самраа нөөцөлдөг. Ерөөс бүх амьтад хоол хүнсээ дараа идэхээр булдаг, нуудаг, эсвэл хангалттай тарга тэвээрэг авдаг.
Энэ зан байдалд тархи чухал оролцоотой. Аюул заналхийлэл учрахад түүний эсрэг логиктой сэтгэх нь бага сэдэлжүүлдэг. Эсрэгээрээ сэтгэл хөдлөл давамгайлсан, аюулгүй байдлаа хангахын тулд хүн ба амьтан бүх хүчээ дайчилдаг байна. Жишээ нь, нохойны идүүрт байнга хоол бэлэн байх нь хоолны дуршлыг нь бууруулахаас гадна, хөдөлгөөнийг нь идэвхигүй болгодог. Stephanie D Preston нэгэн туршилт хийсэн байна. Кенгерүүг тогтмол хооллоход улам залхуу болдог гэнэ. Эсрэгээрээ хоолыг нь тасалдуулснаар кенгерүүний тархинаас стрессийн гормон ялгарч хоолоо үүрнийхээ булан, тохойд нуудаг болжээ. Үүгээр зогсохгүй хажуу үүрнийхээ кенгерүүний хоолыг булааж, хулгайлдаг дүр зураг харагддаг гэнэ.
Хархны туршилт ижилхэн үр дүн харуулдаг. Нейросайнтистын тайлбарласнаар зурганд харагдаж байгаачлан духны дэлбэнгийн доод хэсэг буюу orbitofrontal тархи аюулгүй байдлаа хангах, биологийн дур хүслийг гүйцэлдүүлэхэд чухал сэдэлжүүлэлт өгдөг. Харин хоол хүнсний дутагдалд орсон хархны orbitofrontal тархи илүү идэвхждэг болохыг нотолжээ. Сонирхолтой нь orbitofrontal тархины үйл ажиллагаанд гэмтэл учрахад зарим хүмүүст “цуглуулах эмгэг” үүсдэгийг дурьдсан байна. Жишээ нь, духны дэлбэн хэсэг нь гэмтсэн хүн сум цуглуулдаг, өөр нэг хүн машин хулгайлах эмгэгтэй болсон гэнэ.
Иймд хүн айж, сандарсан үедээ хүнс цуглуулах нь эцсийн дүндээ стрессээ бууруулах гэсэн бидний амьтанлаг авир болохыг тайлбарласан байна.
Эх сурвалж: https://www.weforum.org/agenda/2020/04/evolution-coronavirus-covid19-panic-buying-supplies-food-essentials
Л.Энхтүшиг
1 comment
00 цаас бүх зүйлийг цэвэрлэхэд хэрэглэгддэг тул ингэж нөөцөлж байна.