Гуравдугаар сараас эхлэн малчид ноолуураа самнаж борлуулдаг. Энэ жилийн хувьд бүх нутгаар цас ихтэй, нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон байснаас шалтгаалж тэмээ, ямааны ноолуур бохирдол багатай гарц сайн байгааг салбар яамнаас мэдээллээ. Манай улс жилд 10 гаруй мянган тонн түүхий ноолуур бэлтгэх нөөцтэй. Үүнээс дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээнд 3000 орчим тонн ноолуур шаардлагатай байдаг.
Энэ жилийн хувьд Шинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор Ноос, ноолуур бэлтгэх гүн боловсруулалт хийдэг 20 гаруй үйлдвэр, Ноос ноолуурын холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу шийдвэрийг гаргасан юм.
“Бодлогын гэрээ”-гээр хөнгөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь орон нутгийн онцлогоос шалтгаалан ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүрэг хүлээх юм. Малчид энэхүү шийдвэр гарсантай холбоотойгоор одоогоор ноолуураа борлуулахаа хүлээзнэж байна.