Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.06/
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: “Гадаадын 45 улсаас 6313 иргэн хүсэлтээ гаргасан. Эрүүл мэндийн 84, ахмад настай 32 иргэн байна. Мөн амьдрах орон байргүй болж байгаа гэсэн олон иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаж байна. Эдгээр иргэдийн хүсэлтийг ЭСЯ-дууд болон Гадаад харилцааны яаманд ирүүлж байгаа. ГХЯ-аас иргэдийн хүсэлтийг Улсын Онцгой комисст уламжилж байна.
Сошиалаар гадаадын иргэн ирж байна гэсэн шүүмжлэл бий. Дипломат албаны ажилтан, түүний гэр бүлийн иргэн нь УОК-т мэдэгдсэнээр ирэх зөвшөөрөл олгосон. Токио – Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр гадаадын дөрвөн иргэн ирсэн. Япон улсын хоёр, Испанийн нэг, АНУ-ын нэг иргэн байсан. АНУ, Испанийн иргэн нь хүүхдүүд. Эцэг эх нь Монгол иргэншилтэй.
Мөн тусгай үүргийн онгоцонд багтахгүй, ирж чадахгүй байгаа учраас олон нийт хардах, буруу ташаа ойлгох тохиолдол гарч байна. Энэ сарын 08-нд Сөүлээс тусгай нислэг үйлдэнэ. Ямар шалтгаантай иргэн эх орондоо ирэхийг баасан гарагт цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байгаа.
Эрүүл мэндийн шалтгаантай иргэн, өндөр настан, бага насны хүүхэдтэй эхчүүд гээд тодорхой шалтгаантай иргэдийг тусгай нислэгээр авчирна. Дээрх шалгуурыг хангасан Монгол Улсын иргэнийг эх орондоо авчирна. Ирэх хүсэлтэй олон иргэн байгаа төдийгүй онгоц 250 хүний суудалтай. Суудлын тоогоор иргэдийг авчирна. Аль болох олон хүнийг эх орондоо авчрах тал дээр бид ажиллаж байна” гэж мэдээллээ.