З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албаа хүлээлгэн өгөөд АН-ын даргын зөвлөхөөр очиход “Энэ хүн Х.Баттулгын 60 гаруй хувьтай байсан рейтингийг 8 хувь руу уруудуулж өгөөд буцлаа” гэсэн яриа дагалдаж байсан билээ.
Түүнийг ирэх сургаар АН-ын гишүүд “Зика АН-д ямар гай тарих бол” хэмээн хэлэлцэж эхэлсэн гэдэг. АН-ынхан хүнээ сайн таньдаг болжээ. Намынхнаа Төрийн ордонд 3 жил намнасан З.Энхболдыг АН-д буцаад ирэхэд угтах нөхөр ховордож, нэр дэвших тойрог бүр олдохгүй юм байна гэдгээ тэр ойлгож эхэлсэн бололтой.
АН ойрын өдрүүдэд УИХ-ын сонгуульд нэр дэвших гишүүдээ хүлээн авч, эхний уулзалтуудыг хийж, сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцаж байгаа юм байна. Энэ үйл явцыг З.Энхболд ашиглан нам дотроо томоохон задрал эхлүүлэхээр шийдсэн бололтой.
Дөрөвдүгээр сарын 1-нд АН-ын Үндсэн дүрмийн хороо тогтоол гаргаж, Д.Баттулгыг Сонгуулийн дүн гаргах, өргөн мэдүүлэх тухай тогтоолыг зөрчсөн учраас арга хэмжээ авах шийдвэрийг гаргажээ. Тогтоол өчигдөр онлайн орчимд задарч, З.Энхболд Нийслэлийн Ардчилсан намыг Д.Баттулгаас салгаж, Ш.Түвдэндоржид өгөхөөр зэхжээ гэсэн мэдээгээр үргэлжилж эхэллээ.
Сонгуулийн өмнө намын, тэр тусмаа Нийслэлийн намаа үймүүлэх нь ямар ч улс төрийн намд ашиггүй. Ш.Түвдэндорж улстөрчийн хувьд лидер ч биш. ХХБ-ны сахал Эрдэнэбилэгийн нөлөөн дор АН-д оршин тогтнож ирсэн хэмээн тус намынхан ярьцгаадаг. Шулуухан хэлэхэд Ш.Түвдэндоржид нийслэлд АН-ыг ялуулах чадвар байхгүй. Энэ нь АН-ын хувьд бол 2016 оны том алдаагаа давтана гэсэн үг юм.
З.Энхболдын АН-ыг самрах дүрэмгүй зодоон УИХ-д өрсөлдөх тойрог олж авах хүслээр өрнөж байгаа бололтой юм. Тэрээр намын удирдах багт дөнгөж орж ирмэгцээ Өвөрхангайд нэр дэвшинэ гэж зүтгэжээ. Гэвч Өвөрхангайн АН-ынхан хүлээн авч чадахгүй гэсэн гэдгээ хэлжээ.
Зикагийн хоёр дахь довтолгоо Баянзүрх дүүрэг рүү чиглүүлсэн байна. Гэвч Баянзүрх дүүрэгтээ бараг АН-ын хаан шахуу болсон Д.Пүрэвдаваа үхэж байсан ч чамайг нэр дэвшүүлэхгүй хэмээн З.Энхболдтой тулаад авчээ. Д.Пүрэвдаваад хөөгдсөн З.Энхболд УИХ-д нэр дэвших эрх олж авах 3 дахь довтолгоогоо Дархан руу чиглүүлсэн сураг байна.
Сонгууль дөхөөд тойроггүй үлдэхээс болгоомжилсон Зика энэ хорондоо Дарханы АН-ын дарга Б.Мягмардаш, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал нарыг ашиглаж эхэлжээ. И.Мөнхжаргал нь З.Энхболдын түнш бөгөөд дуулиан тариад буй Страто компанид ажилладаг байсан нэгэн.
Батгана суусан газар балагтай гэдэг шиг Зика явсан газраас ямар нэгэн хор заавал үнэртэж байдаг. 2016 онд намын даргаар ажиллаж байхдаа УИХ-д 34 суудалтай байсан АН-ыг 9 суудалтай болгож өгөөд буцсан энэ хүн 2020 оны УИХ-ын сонгуулийг ахлаад орно гэвэл 9 суудалтай АН-ыг хэдэн суудалтай болнох бол!
Өнгөрсөн жилүүдэд З.Энхболд маш олон хүнийг гомдоож, бас дургүйг нь хүргэсэн. Улстөрийн өрсөлдөөн ширүүсэн энэ үеэр З.Энхболдын нэр дэвшсэн газар нь очиж унагаана гэсэн яриа ч ил цагаан өрнөж байгаа. Ийм утгатай зүйлийг ганцхан Тавантолгойн ордын асуудлыг хөндөж байгаа Л.Наранбаатар ч ярьж байгаа юм биш.
МАН, АН, МАХН, ИЗНН гэх мэт улс төрийн намын гишүүд ч Зикаг заавал унагана, нэгдэх хүн байвал хамтарч ажиллахад бэлэн гэдгээ ч ил далд ярьж яваа сурагтай. Сонгуулийн хурц өдрүүдээр энэ яриа амилбал З.Энхболд гарцаагүй ялагдана. Энэ хуйлрал ганц З.Энхболдыг чиглэхгүй, АН-ыг давхар нөмөрч АН ч бас ялагдал хүлээх болов уу.
Б.БОЛОР