Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-д Монгол Улсыг оруулсан билээ.
Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас манай улсад дээр дурдсан эрсдэлүүдээс хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлэх, саарал жагсаалтаас гарахын тулд үнэт металл, үнэт чулууны, эсхүл, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид, эртний эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгчдийг хамруулсан эрсдэлийн үнэлгээний судалгааг зохион байгуулах, уг судалгааны үр дүнд үндэслэн тэднийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс хамгаалахад нэн шаардлагатай ажлуудыг зохион байгуулж, үр дүнг тайлагнахыг даалгасан.
Санхүүгийн зохицуулах хороо эдгээр арилжаа эрхлэгчдийг зохицуулах үүргийг хүлээсэн ба Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, хамтарсан судалгаа хийхээр гэрээ хийсэн.
Үүний дагуу “Үнэт металл, үнэт чулууны, эсвэл, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид, эртний эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгчдийн судалгааг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 7 хоногийн турш явуулна.
Энэхүү судалгаа нь Монгол Улсын иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, цаашлаад саарал жагсаалтаас гарах нэг боломжийг бий болгох тул үнэт металл үнэт чулуу тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгчид иргэний үүргээ биелүүлж, үнэн зөв мэдээллээ өгөхийг уриалж байна.