2020 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалттай холбогдуулан 188 улсад улсын хэмжээнд цэцэрлэг, дунд сургууль болон их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь нийт суралцагчдын 89,5 хувь буюу 1,543,446,152 суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй болоод байна. Зарим улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг хэсэгчлэн хааснаар 173,029,603 хүүхэд, залуучууд хөл хорионд орсон талаар ЮНЕСКО цахим хуудсандаа мэдээллээ.
Дэлхийн хэмжээнд 1 тэрбум 716 сая хүүхэд, залуучууд танхимын сургалтад хамрагдахгүй байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад коронавируст халдвар сүүлийн өдрүүдэд өндөр хурдтайгаар тархаж байна. Тус улсад халдварын анхны тохиолдол 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр илэрснээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 77,981-т хүрсэн ба үүнээс 931 хүн нас барсан байна.
Улсын хэмжээнд сургуулиудын үйл ажиллагааг Улаан өндөгний баярын амралт дуустал хаасан байгаа бөгөөд сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг тухайн муж шийдвэрлэх юм байна. Тухайлбал, коронавируст халдварын тохиолдол анх бүртгэгдсэн Бавари муж 03 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 5 долоо хоногийн хугацаагаар бүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хаажээ.
Их, дээд сургуулийн хичээлийг түр зогсоож, 2020 оны 03 дугаар сарын дундуур эхлүүлэхээр байсан боловч танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.