Монгол Улс иргэдээ Япон улсаас татан авах тусгай нислэгийг дөрөвдүгээр сарын 3-нд гүйцэтгэхээр товлосон байсан.
Тэгвэл уг нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулж, энэ сарын 02-нд буюу өнөөдөр 13:05 цагаас Улаанбаатар-Наритагийн чиглэлд нисч, орон нутгийн цагаар 19:00 цагт Токиод буух болсон.
Тусгай үүргийн онгоц маргааш 08:30 цагт Наритагаас хөөрөн 13:05 цагт Улаанбаатарт бууна. Нислэгээр ХӨСҮТ-ийн эмч нар, МХЕГ-ын улсын байцаагч нар явж байгаа бөгөөд тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд эмч, байцаагч нарын тандалт, асуумж судалгаанд бүрэн дүүрэн, үнэн зөвөөр хариулахыг УОК, ЭМЯ-аас анхаарууллаа.
Нийт 255 зорчигч ирэхээс өндөр настан 31, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэн байна. Мөн бага насны хүүхэдтэй гэр бүлүүд, 16 хүүхэд, бусад улс орноос дамжин ирж байгаа 52 иргэн, жирэмсэн 4 эмэгтэй ирнэ гэсэн судалгаа урьдчилсан байдлаар гарчээ.