ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн хугацаанд нэг улсад шинээр халдвар бүртгэгдэж, нийт 206 улсад халдвар бүртгэгдлээ.
Өвчний 500,000 дахь тохиолдол бүртгэдсэнээс хойш зургаан хоногийн дотор дахин 400,000 халдвар бүртгэгдэж, нийт 900,000 хүн халдвар аваад байна. Нийт халдвар авагсдын 4.4 хувь нас барж байгаа. Итали улсад нас баралт хамгийн их буюу халдвар авагсдын 12 хувь нас барж байна. Эхний үед өндөр настай хүмүүс зонхилон нас барж байсан бол сүүлийн үед залуучууд бага насны хүүхэд бас нас барж эхэллээ.
Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирж, лабораториор батлагдсан 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эдгэрч үргэлжлүүлэн 14 хоногийн ажиглалтад байгаа.
Өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг нийт хоёр сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдсэн. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэн Турк, Солонгос улсад аялсан өгүүлэмжтэй. Хэдийгээр гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан ч дараа нь уушгинд хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлалаа. Мөн түүний ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарласан.
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бол ОХУ-аас ирсэн оюутан. Тусгаарлалтын хугацаанд шинж тэмдэг илэрсэн учраас хавьтал байхгүй” гэв.