Байгалийн түүхийн музейг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр 2013 онд хаасан билээ. Дүгнэлтэд “Байгалийн түүхийн музейн 1955 онд баригдсан барилга ослын байдалд байгаа тул цаашид шиглаж боломжгүй” гэж дурдсан байдаг.
Улмаар 2019 оны 7-р сарын 03-ны өдрийн Засгийн газрын шийдвэрийн дагуу ашиглалтын шаардлага хангахаа больсон Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нурааж, суурин дээр нь “Чингис хааны түүх соёлын хүрээлэн” музей барихаар болсон. Харин Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд барихаар болсон юм.
Иймд Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нурааж дуусан, “Чингис хааны түүх соёлын хүрээлэн” музейн барилгын ажил эхлэхэд бэлэн болжээ. Музейн барилгыг “Балдан” ХХК хариуцан ажиллаж буй юм.
Чингис хааны түүх соёлын хүрээлэн” музейг 14 мянга 570 мкв талбайг хамарсан хэмжээтэй буюу доошоо нэг, дээшээ есөн давхар, хамгийн сүүлийн үеийн стандартын дагуу барихаар төлөвлөжээ. Музей нь Чингис хааны болон 37 хааны үзмэрийн танхимтай байх төдийгүй барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна.