Эх сурвалж: М.МӨНХТУНГАЛАГ, NPost.mn
“Хөөе гөлөг минь, ямар хулгайчууд яваад байгааг хараач. Наад хаалга, үүдээ олигтойхон манаад, хараад зогсож чадахгүй байна уу. Наад тэнүүлчдээ эндээс зайлуулаач. Зайлцгаа та нар” хэмээн хашхирах балмад авиртан Монгол кино нэгтгэлийн нэгдүгээр давхрын “хоймор”-т суудаг юм байна. Нам гүмийг эвдэн үүгээр, түүгээр орилох хүний зүг харвал, ажлын өрөөндөө арц уугиулсан бололтой, сангийн бойпор гартаа барьжээ. Үүдний харуул 50 гаруй насны хар хүн энэ хашхиран, хараал зүхэл урсгах хүний өөдөөс бөгтөсхийн, нүд нь далдична. Өнөөх харуулын өөдөөс “Ж.Солонго захиралтай уулзмаар байна” хэмээн асуухын завдалгүй “Та нар одоо гар. Уурлаж байгааг нь харж байгаа биз дээ” хэмээн аяархан хэлээд биднийг үүд рүү түлхэж гаргаад, хаалгаа хаав.
Байгуулагдсан цагаасаа л монгол хүний соёлын төв болж, нийтийг кино урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, залуусыг үндэсний дархлаатай болж төлөвшихөд бодлого, үйл ажиллагаа нь чиглэж байсан Монгол кино нэгтгэл өдгөө сурч боловсрох, судалж мэдэх, үүх түүхийг нь санаж сэрэх хүсэлтэй хэн бугайд ч хаалга нь хаалттай, харуул манаагаа чангатгасан байдалтай болоод лав 20 жил болжээ.
1935 оны аравдугаар сарын 11-ний өдөр. Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Улсын кино зургийн хороог анхлан байгуулж, улмаар уг хорооны харьяа Кино үйлдвэрийн газрыг ЗХУ-ын дэмжлэгтэйгээр бий болгожээ. Энэ цагаас тоолбол, Монгол кино нэгтгэл буюу Кино үйлдвэрийн газар өдгөө 85 настай. Өндөр настай энэ байгууллага өдгөө БСШУСЯ болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр толгойтой. Улсын төсвөөс багагүй мөнгө “цавчдаг” Монгол кино нэгтгэл өдгөө хөл нь бие, цогцсоо даахгүй болтлоо майгалзжээ. Харин бие нь урт гараа захирч чадахгүй болтлоо мутацад орчихсон “мангас” болон хувирч. Зантгар хоёр толгой нь тархи, зүрхээ удирдах чадвараа хэдийн алдаж, тус тусын залгиур хоолой бүхий том амтай.
Энэ амаар 3000 ширхэг цэрэг эмээл, 1950-иад оны тавилга, 300 орчим гэр, эртний эхнэр хувцас, унжлага санжлагатай ээмэг, зүүлт, мөн 1960-аад оны цэргийн хувцас, хаадын барьж байсан хөөрөг, Батлан хамгаалах яамнаас дайн байлдаантай кинонд ашиглаарай хэмээн өгсөн олон тооны машин техник, уран бүтээлийн машин, зураг авдаг задгай машин, цахилгааны эх үүсвэр гаргадаг 4-5 цахилгаан станцын машин гээд тоочвол дуусахааргүй үнэт өв, уран бүтээлийн сан хөмрөг хоёр толгойтой мангасын амаар ороод алга болсныг ахмад уран бүтээлчид хэлдэг. Өдгөө энэ бүхнээс нийтийн нүдэнд илхэн харагдаж байгаа нь Монгол кино гэх хаягтай, дээврээсээ эхлээд нурахад бэлэн болсон гурван давхар эзгүй байшин л байна. Нэгэнт үр өгөөж, зорилго, чиглэл нь ашгийн болтлоо зүсээ хувиргасан, үйл ажиллагаа нь нийтэд өгөөжгүй, уран бүтээлчдэд ээлгүй, цөөн хэдэн хүнийг тэжээдэг, халаасыг нь түнтийлгэдэг, олон нийт, хэвлэл мэдээлэлд хаалттай, нэг хүнийг хаан мэт тахин шүтсэн, нийт олныг харц мэт айлган сүрдүүлсэн, төрийн хууль, дүрэм журам, хяналт шалгалт үйлчилдэггүй энэ газрыг татан буулгая.
КИНО ҮЙЛДВЭР МАНДСАН ХОРИН ЖИЛ
Нэгэн сонирхолтой тоо бодож үзлээ. Уншигч та ч мөн энэ тухай хуруугаа дарж байгаад тоолоод үзээрэй. Монгол кино үйлдвэрийн мандан бадралын үеийг дэлгэцийн урлагийн алтан үеийнхэн 1960-1980 он гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Монголын кино урлаг хөгжлийн дээд түвшиндээ хүрчээ. 1936 онд анхлан үзэгчдийн хүртээл болж байсан “Монгол хүү” уран сайхны киноноос тоолохгүйгээр алтан үеийнхний онцолсноор 1960-1980 оны хооронд хэчнээн уран бүтээл гарч байсныг сөхлөө. “Энэхэн хорин жилд“,“Тунгалаг тамир”, “Энэ хүүхнүүд үү”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Суварган цэнхэр уулс”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Хань”, “Өндөр ээж”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, “Моторын дуу”, “Мартагдашгүй намар”, “Тууврын замд”, “Өнөр бүл”, “Хонины найр”, “Нөмрөг хадны цуурай”, “Анхны алхам” зэрэг тоочвол 90 орчим уран сайхны кино дэлгэцийн бүрэн хэмжээний бүтээл болж мэндэлжээ.
1960 онд Кино үйлдвэр гэх их айлаас зурагтын хойморт амилж байсан бүтээлүүд өдгөө 60 жил үзэгчийг уйдаасангүй ээ. Аугаа Д.Жигжид, Д.Чимэд-Осор, Р.Доржпалам, Н.Нямдаваа, Ж.Бунтар, Г.Жигжидсүрэн, Б.Сумхүү, Б.Нагнайдорж, Б. Жамсран, Ц.Зандраа зэрэг сод найруулагчид монгол киноны мастеруудын багт байв. Энэ л үеэс боловсон хүчнээ бодлогоор дэмжиж, ЗХУ-ын Киноны сургуульд залуучуудаа илгээж байв. 1960-1980 оны хооронд 90 орчим уран сайхны кино үйлдвэрлэж байсан Кино үйлдвэрийн ажлыг арав арван жилээр нь тоймловол эрхэм уншигч танд сонирхолтой байх болов уу. Тухайлбал, 1981-1991 он хүртэл “Гэрлэж амжаагүй явна”, “Жаргал даахгүйн зовлон”, “Гарьд магнай”, “Ингэх гээд байсан юм”, “Ацаг шүдний зөрөө”, “Би чамд хайртай”, “Мөнгөн буйл”, “Ирж яваа цаг”, “Илүү сартай зун”, “Тод магнай, Сэрүүн дуганы мөхөл”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амьдралын нахиа”, “Уул усны үр сад”, “Мандуйхай сэцэн хатан”, “Загийн алим”, “Тань руу нүүж явна” зэрэг 60 гаруй бүтээл үйлдвэрлэжээ.
Харин 1991-2000 оныг хүртэл “Аргамжаа”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Нүцгэн уулын бэлд”, “Манай цүндгэр”, “Агаарын гурван сүлжээ”, “Цэц магнай” зэрэг 20 гаруй кино, 2000-2020 он хүртэл “Далдхан заяа”, “Удам”, “Төрийн дайсан”, “Чонын дурлал”, “Гайхамшигт дэлгэц”, “Хааны сүүлчийн хатан” зэрэг арав хүрэхгүй кино үйлдвэрлэсэн байх юм. Энэ хугацаанд өнөөх аугаа найруулагч, зураглаач, кино жүжигчид, кино үйлдвэрийн 1500 орчим ажилчид гудамжинд гарах нь гарч, гэртээ суух нь сууцгааж, ажилгүй болох нь болжээ. Өдгөө Монгол кино нэгтгэл 20 хүрэхгүй хүний бүтэцтэй, Ж.Солонго гэх эрхмээс өөрөөр олонд танигдсан авторгүй болтлоо “унажээ”. Цагтаа 1500 хүний ажил, хөдөлмөр ундарч, уран бүтээлчдийн халуун яриа буцалж, сэхээтнүүдийн төв болж байсан Монгол кино үйлдвэр өдгөө түүх, түүхийг бүтээсэн уран бүтээлчидтэйгээ цуг орчин цагийн залуусын мэдлэгээс арчигдчихлаа. Монгол кино үйлдвэр гэхээр өдгөө автобусны буудал төдийхнөөр ойлгогддог болсон харамсалтай түүхийг бид цурвал болгон уншигчидаа сануулсаар л байх болно.
БСШУСЯ, ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР МОНГОЛ КИНО НЭГТГЭЛИЙГ “САМАРЧИХЛАА”
Ё.Баатарбилэг сайд аа, Монголд анхлан кино урлаг үүссэн үүх түүхийг судалж үзэв үү. Хуучнаар ЗХУ өөрийн холбоотон дундад Азийн улсад кино үйлдвэрийн газруудыг бүтээн байгуулж өгсний алсын харааг та мэдэх үү. Орос ах нар холбоотон улсынхаа хүн ардын сэтгэхүйд өөрийн улсын бодлогыг киногоор дамжуулан “шахах” зорилгоор өнөөдрийн Монгол кино нэгтгэлийг бий болгосон байдаг. Энэ тухай Монгол кино үйлдвэрийн шавийг тавьж явсан ахмадууд хэлдэг.
Харин монголчууд энэ соёлын бүтээн байгуулалтыг овжин ашиглаж, өөрсдийн тусгаар тогтнол, эв нэгдлийг бэхжүүлэх үзэл санаа бүхий киног хорин жилийн хугацаанд ёстой л үйлдвэрлэсэн байдаг. Энэ богинохон он жилүүдэд авьяаслаг олон залууг ЗХУ-д илгээн киноны бүхий л мэргэжлээр суралцуулан, тэднийхээ хүч, эрдэм мэдлэгийг бүрэн дайчилж Монгол кино үйлдвэрийг төрийн бодлогоор удирдсан байдаг. Ингэхдээ бүтээл нэг бүрийг Соёлын яамны киноны хэлтсийн мэргэжилтнүүдээр үг, өгүүлбэр бүхнийг хатуу хянуулж, кино болох замыг нь засдаг байжээ. Тодруулбал, хөдөлмөр хүнийг бүтээдэг, эх орон, тусгаар тогтнол гэдэг ямар их үнээр бидэнд ирснийг кино урлаг гол бодлогоо болгон ирсэн байдаг. Энэ үзэл санаа Монголын кино урлаг мандаж явсан хорин жилийн бүтээлээс нэвт харагддаг.
Гэтэл Ё.Баатарбилэг сайд аа, өдгөө Монгол кино урлагт дээрх шиг том алсын хараа, нэгдсэн бодлого алга. Уран бүтээлчид нь шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг талцан, бутарчээ. Зохиолгүй, найруулагчгүй, үзэл санааны төвгүй, үймэлдсэн олон сайн дурынхан кино урлагийг шороотой нь хутгаж байна. Залууст алтан үеийнхний үлдээсэн дээрх киног мэрж, чихэр шиг хүлхэхээс өөр сонголт даанч үлдсэнгүй ээ. Тэгэхээр сайд аа, бодлого, өмч хоёр нь тус тусдаа салчихсан энэ салбарт шинэчлэл хэрэгтэй байна. Монгол кино гэх гурван давхар, хоосон байшинг нурахыг нь хүлээгээгүй л юм бол кино урлагаа сэвхийтэл нь өргөөч. Бодлогоор дэмжээч. Энэ байранд киночдыг оруулаач. Орох оронгүй хүн гудамжинд унтаж чаддаг бил үү. Кино урлагт зүтгэж буй залуучууддаа Монгол кино нэгтгэлийн хоосон өрөөнүүдийг цэлийтэл нээж өгөөч. Залуу үеэ халамжлан хүмүүжүүлээч.
2 comments
Unen shde heterhii buduuleg bdag solongo zahiraltai uulzah gj orson cini tanihgui nmaig koffe hiigd ir ghin hiigd irsen cini baruuun tiishee 200 zuun tiishee 300 erguul ch gh shig ingj daranguulal bdag ymu maniach hurtel uneher buduuleg ene kino urlag shuu
Vnen baliar aashtai hvn shvv