Туркменистаны төр засгаас хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэндээ “коронавирус” гэдэг үгийг хэрэглэхийг бүрмөсөн хориглож, ЭМЯ-ны мэдээллийн хуудсанд COVID-19 гэх үгийг дурдахгүй байх анхааруулга өгсөн тухай “Хил хязгааргүй сэтгүүлчид”-д мэдээлжээ.
Туркменистаны төр засаг үүгээрээ коронавирусийн цар хүрээтэй холбоотой мэдээллийг иргэдээсээ нуух гэж байна. “Коронавирус” гэх үгийг гадаа гудамжинд болон олон нийтийн газар ашигласан, мөн маск зүүсэн иргэдийг баривчилж хорих гэнэ.
Мэдээж мэдээллийг ингэж үгүйсгэх нь эрсдэл өндөр байгаа Туркменистаны иргэдэд аюултай. Үүнээс гадна Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын өөрийгөө тахин шүтүүлэх үзэгдэл улам нэмэгдэж байгаагийн баталгаа гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид”-ийн Зүүн Европ, Төв Азийн хэсгийн хорооны тэргүүн Жанна Кавелье мэдэгджээ.
Туркменистанд одоогоор коронавирусийн албан ёсны нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус улс 2019 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр сүүлийн байрт бичигдэж, дэлхийн хамгийн хаалттай улсын нэг болсон юм.