Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.01/
ЭМЯ-ын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Ковид19-ийн халдвар өнөөдрийн байдлаар 205 оронд бүртгэгдээд байна. Африкийн орнуудад өвчлөл эрчимтэй тархах эрсдэл гарах боллоо. НҮБ-ын гишүүн орнуудаас 19 оронд халдвар коронавируусийн илрээгүй байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа ийм олон улсад тархсан цар тахалтай нүүр тулаад буйг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом онцлон хэллээ.
Коронавирустэй холбоотой дэлхийн олон улс хууль эрхзүйн орчныг бүрдүүлж байна. Жишээлбэл хөл хорионы дэглэмийг чанд сахих хуулийг ОХУ баталлаа.
Манай улсад эмчлэгдэж байгаа 12 хүний биеийн байдал хэвийн байна. Хүндэвтэр байсан хоёр хүний биеийн байдал сайжирсан. Манай орны хувьд өвчтөнүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг илэрч байгаа учраас нууц үеийн хугацаанд халдвар тараах эрсдэлтэй байна” гэв.
Түүнчлэн “Өвчлөл хэдэн сар болоод буурахгүй гэдгийг эрдэмтэн, судлаачид анхааруулж байна. АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар нийт өвчтэй хүмүүсийн 10.9 хувь нь чихрийн шижинтэй, 78 хувь нь ямар нэгэн эрүүл мэндийн суурь өвчтэй, 9.2 хувь нь уушгины өвчтэй хүмүүс байна. Тамхи татдаг хүмүүс КОВИД-19 халдвараар өвчлөх, халдвар авсны дараа хүндрэх, амь насаа алдах магадлал өндөр байна. Тийм учраас дэлхий нийтээр тамхины хэрэглээнээс татгалзаж, тамхиа багасгах гэсэн чиглэл, зөвлөмжийг өгч байна” гэсэн юм.