Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн “гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Гуахалиунаас “хүүхэд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөл болон хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар тодруулсан юм.
-“Ковид-19” вирусийн халдварын улмаас хүүхдүүд гэртээ хөл хорионд байгаа. Ийм үед танай хэлтсийн зүгээс хүүхдүүдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулж байгаа вэ?
-Цагдаагийн байгууллагаас сүүлийн сард “Хүүхэд хэрэглэгч-2020” арга хэмжээ зохион байгуулаад байна. Улс оронд онцгой нөхцөл байдал үүсч, сургууль, цэцэрлэг орохгүй байгаа. Гэхдээ хүүхдүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг бид нөөц бололцоогоо ашиглан онлайн байдлаар болон телевизүүдээр дамжуулан хүргэж байгаа. Интернэт орчин хөгжиж, айл өрх бүр л интернэттэй байгаа. Тиймээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс нь “Хүүхэд хэрэглэгч-2020” арга хэмжээний хүрээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн видео бэлтгэн онлайнд байршуулж байна. Мөн эргүүлийн үйл ажиллагаа явуулж байгаа.
-“Хүүхэд хэрэглэгч-2020” арга хэмжээний гол зорилго нь юу юм бэ?
– Гэр бүлийн болон сургуулийн орчинд хүүхдийг амьдралын зөв хэвшил, дадал суулгах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг нийгэмшүүлэх, сэтгэлзүйг нь тогтвортой байлгах нөлөөллийн ажлыг цагдаагийн байгууллагаас байнга явуулж байдаг. Энэ үйл ажиллагаануудын маань нэг бол “Хүүхэд хэрэглэгч-2020” нэгдсэн арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээний зорилго бол хүүхэд хамгааллын үйлчилгээг чанартай хүргэх, бага насны хүүхдэд тавих хараа хяналт, эцэг эхийн анхаарлыг сайжруулах, болзошгүй осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ухаалаг хэрэглээ буюу амьдралын зөв дадал бий болгох. Хамгийн гол нь гэр бүлийн орчинд тухайн хүүхдийг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэхэд энэ арга хэмжээний зорилго оршино.
Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллага, боловсролын байгууллага, эцэг эх болон бусад хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа чухал. Цагдаагийн байгууллагын зүгээс хүүхдийг гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэх яриа таниулгыг байнга хийдэг.
-Хүүхдүүд ямар төрлийн гэмт хэрэгт холбогдож, ямар төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна вэ?
-Гэмт хэрэгт холбогдоод байгаа хүүхдүүд нь хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, залилах төрлийн гэмт хэрэгт их холбогдож байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа гол шалтгаан нь бол ашиг олох зорилгоор агуулж байна. Түүнчлэн үе тэнгийн хүүхдүүдийн дарамтнаас гэмт хэрэгт холбогдох тохиолдол ч бий.
Хохирогч хүүхдүүдийн хувьд өөрсдийн анхаарал болгоомжгүй байдал, мөн гэр бүлийн орчин шалтгаалж байна.
-Хүүхэд гэмт хэрэгт холбогдоход нөлөөлж буй хүчин зүйл нь юу вэ?
-Гэр бүлийн орчин нөлөөлсөн байдаг. Гэр бүл салсан, эсвэл эцэг эхийн хэн нэг нь нас барсан, бүтэн өнчин хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдол их байна. Ер нь л хүүхэд гэмт хэрэгт холбогдох гол шалтгаан нь гэр бүлийн орчноос болж байна. Тэгэхээр тухайн хүүхдийг гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх ажилд эцэг эхийн оролцоо хамгийн чухал.
-Гэр бүлийн орчин гэж яг юуг нь хэлээд байна вэ? Нийгмийн гарал үүсэл, түвшинг хэлээд байна уу? Эсвэл тухайн гэр бүлийн уур амьсгалыг хэлээд байна уу? Үүнийг тодотгож өгөхгүй юу?
-Гэр бүлийн орчинд амьдралын түвшин ямар ч хамаагүй. Тухайн гэр бүлийн харилцааны асуудал хөндөгдөж байна. Гол суурь нь эцэг эхийн харилцаа. Эцэг эхчүүд хоорондоо харилцаа сайтай байвал хүүхдийн сэтгэл зүй тогтвортой байна. Эцэг эх нь дэргэд нь мөнхийн хэрүүл, тэмцэлтэй байвал сэтгэл зүйн нь тогтворгүй болдог. Ингээд гэртээ харих хүсэлгүй болдог.
“Манай аав ээж хэрэлдээд байдаг, эсвэл манай аав, ээж намайг загнаад байдаг” гээд гэрээсээ дайждаг. Хүүхэд гэрээсээ дайжаад байна гэдэг бол гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөх магадлал өндөр болж ирж байна аа л гэсэн үг.
-Гэр бүлийн харилцааны тааламжгүй байдлаас үүдэж, тухайн хүүхдүүдийн сэтгэл зүйд нь ямар өөрчлөлт бий болдог вэ?
-Хүүхдүүд эцэг эхтэйгээ ойр, дотно харилцаатай байхыг хүсдэг. Гэтэл эцэг эхчүүд “та нарыг тэжээх гэж өдөр шөнөгүй, завгүй ажиллаж байна. Та нар зөв амьдрах ёстой, хичээл номоо сайн хийх ёстой” гэх мэт шаардлагыг хүүхүүүддээ тавьдаг. Хүүхдэд нь ямар асуудал, юу тулгарч байгааг ойр дотно ярихгүй, хол хөндий харилцааг бий болгоод байдаг. Харилцааны энэхүү асуудлаас болоод хүүхэд өөрт тохиолдож байгаа аливаа асуудлыг эцэг эхтэйгээ ярьж, шийдэж чаддаггүй.
Уг нь тухайн хүүхэд хамгийн итгэлтэй эцэг эхтэйгээ асуудлаа яриад шийдвэр гаргамаар байдаг. Гэтэл эцэг эх нь ойлгодоггүй. Харин ч загнах, хийж байгаа үйлдлийг нь буруутгах, сайн зүйл хийлээ ч урамшуулж, дэмждэггүй, байнга л шахаж, шаардаж, “та нарыг тэжээхийн төлөө ажиллаж байна. Чи тэгэх ёстой, ингэх ёстой” гэх үгээр хөндий харилцааг бий болгож байна.
Ингээд л хүүхдүүд аливаа асуудлаа найз нөхдийн хүрээлэл, эсвэл өөрөөс дээш насны таньж мэдэхгүй хүмүүстэй хуваалцах, тэдний үгэнд орж, тухайн хүмүүстэйгээ нөхөрлөж эхэлдэг. Гэтэл тухайн хүн нь хүүхдийг буруу зүйлд уруу татах тохиолдол их байдаг. Тэгэхээр хүүхдийг гэмт хэрэг зөрчилд холбогдох, хохирох тохиолдлыг багасгахад гэр бүлийн орчин, эерэг харилцаа хамгийн чухал болчихоод байгаа юм.
-Зан характерийн хувьд ямар өөрчлөлтүүд гардаг вэ?
-Гэртээ очих хүсэлгүй болно. Эцэг эхтэйгээ ярилцах хүсэлгүй болно. Ингээд эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, ойлголцож чадахгүй байгаа хүүхэд өөрөөсөө дээш насны хүмүүстэй нийлж буруу зан үйлд уруу татагдаж эхэлдэг. Архи, тамхи хэрэглэдэг болох цаашлаад мансууруулах төрлийн бодис хэрэглэх хэмжээнд хүртэл эрсдэлд орох нөхцөл үүсч байна.
– Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа тодорхой хэмжээнд сэтгэл зүйн өөрчлөлтөд орж, эмгэг үүсч эхэлсэн хүүхдүүдээс мэдүүлэг авахад сэтгэл зүйч байлцдаг уу?
– Гэмт хэрэг зөрчилд холбогдон ирж байгаа хүүхдүүд биеийн хэлэмжээсээ андашгүй байдаг. Айдаст автсан хүүхэд зүгээр сууж чаддаггүй, хараа нь тогтворгүй, айдас, түгшүүртэй байдаг. Гэр бүлийн орчны нөлөөнөөс болж буруу зам руу уруу татагдсан хүүхэд ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болсон хүүхдүүдийг бид нар эхлээд харъяа дүүргийн “Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс”-тэй холбож өгдөг.
Учир нь гэр бүлийн таагүй орчны нөлөөнөөс болж сэтгэл зүйн тогтворгүй байдалд орсон хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийг нь байлцуулж байцаалт авах боломжгүй болчихдог. Тэгэхээр хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа төрийн байгууллагад нь ханддаг юм. Тухайн байгууллагаас сэтгэл зүйч юм уу эсвэл хүүхдийн чиглэлэээр мэргэшсэн алба хаагчийг авч ирдэг. Сэтгэл зүйч хүүхдийг мэдүүлэг өгөх хэмжээнд сэтгэл зүйг нь дээрдүүлдэг.
-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хөл хориод байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдох, хохирох байдал багассан уу?
– Статистик тоон мэдээллээс харахад 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 20-ны байдлаар Чингэлтэй дүүргийн 1-р хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэгт хохирсон найман хүүхэд, холбогдсон гурван хүүхэд байна. Гэхдээ эдгээр гурван хүүхэд нь зургаан хэрэгт холбогдсон, нэг үгээр хэлбэл давтан гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй, хүүхдүүдэд хөл хорио тогтоочихсон байгаатай холбоотойгоор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан.
Н.БАТАА