Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл”-ийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барилаа. Илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөж, товч танилцуулгыг хийв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг билээ.
19 дэх илтгэлийг “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”, “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал”, “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 болон 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 санал хүргүүлж байна. Үүнд:
НЭГ. Малчин эмэгтэйчүүдийн ХҮНИЙ ЭРХ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН АСУУДЛААР
А.Хүчирхийллээс ангид байх эрхийн чиглэлээр:
Түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг бүх аймагт бий болгож, тэдгээрт ажиллах алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, алслагдсан багт хүрч ажиллахад шаардагдах автомашин, шатахуун болон холбогдох бусад зардлыг шийдвэрлэх;
Аймаг сум, багийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, шаардагдах төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа шийдвэрлүүлдэг байх;
Цагдаагийн төв байгууллагын бүтэц дэх гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан нэгжийг аймаг дахь Цагдаагийн газарт бий болгох, хамтарсан багийн үйл ажиллагаатай уялдуулах;
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Салбар зөвлөлийн мэргэжилтнүүдийг сургах, арга зүйгээр хангах, хамтарсан багийг дэмжин ажиллах үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, мөн алслагдмал газарт амьдардаг, мэдээлэл авах боломжгүй, бичиг үсэг үл мэддэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг нэмэгдүүлэх;
Цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай сургагч багшийг бэлтгэх, орон тоог нэмэгдүүлэх, сургалтын байр, танхим, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх, шаардагдах зардлыг шийдвэрлэх;
Б. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр:
Аймаг, сумын Засаг дарга нар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах замаар жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээг алслагдсан сум, багийн эмэгтэйчүүдэд хүргэх, зайлшгүй тохиолдолд аймгийн төвөөс алслагдсан газарт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийг сумандаа амаржих нөхцөлөөр хангах;
Эрүүл мэндийн байгууллагын хүний болон санхүүгийн нөөцийг хуваарилахдаа мэргэшсэн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч, багийн эмчийн орон тоог зохистой нэмэгдүүлэх, cумын эрүүл мэндийн төвүүдийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах;
Малчдад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн тухай гэр бүл төлөвлөлт, хүчирхийллийн талаарх мэдээллийг тогтмол, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх;
Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа жирэмслэхээс сэргийлэх хэрэгслийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх;
Аймгийн эрүүл мэндийн газар харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн статистик мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын тайлан, мэдээ, мэдээлэлд малчдын талаар нарийвчлан ангилсан статистик үзүүлэлт гаргадаг болох.
В. Бусад эрхийг хангах чиглэлээр:
Бага, дунд боловсролын тухай хуульд бага боловсрол олгож буй ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн насны онцлогт тохирсон байдлаар тохижсон, алслагдмал орон нутагт амьдардаг хүүхдүүдийг 7 хоногийн ажлын өдрүүдэд хүлээн авах цэцэрлэгийн нөхцөл бүхий дотуур байртай байх зохицуулалтыг тусгах;
Малчин эмэгтэйчүүд, тэдгээрийн гэр бүлийг олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол хамруулах, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах чиглэлээр аймаг, сумдын түвшинд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
Мал аж ахуйн бус бусад ажлыг туслах малчны ажилд хамааруулахгүй байх, 16 насанд хүрээгүй хүүхдийг туслах малчнаар ажиллуулахгүй байхаар тооцож “туслах малчин”-ы нэр томьёог холбогдох хуульд оновчтой тодорхойлох, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туслах малчны ажлын байр болон хөдөлмөрийн гэрээтэй холбоотой зохицуулалтыг тусгах.
ХОЁР. ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДЛААР
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайдын албан даалгавар гаргаж, аймгуудын Засаг дарга нарт хүргүүлэх;
Орон нутгийн төсөвт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тогтмол тусгах;
Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох;
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн биелэлтийн дүнг Засаг дарга нарын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болгож үйл ажиллагааг идэвхжүүлэх;
Төрийн албаны зөвлөл, Жендэрийн үндэсний хорооноос гаргаж буй хүйсийн тэнцвэрт байдлын тайлан, мэдээг нэг загвар, шалгуураар гаргах;
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Хүчирхийлэл болон дарамтын тухай 190 дүгээр конвенцыг соёрхон батлах.
ГУРАВ. ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ТАЛААР ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР
20. Хот суурин газарт сургууль, эмнэлэг, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллага болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд олон жил хуримтлагдаж хадгалагдаж байгаа, хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байршуулах, хадгалах зориулалтын барилга, байгууламжийг яаралтай бий болгох;
21. Химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах үйлдвэрийг барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх;
22. Химийн хорт болон аюултай бодисын нэгдсэн бүртгэлтэй болох, хариуцах байгууллагыг тодорхойлох;
23. Байгууллага, аж ахуйн нэгжид хадгалагдаж байгаа хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг зөөвөрлөх, стандартын шаардлагад нийцсэн барилга, байгууламжид хадгалах.