МАН-АН-г арилгая гэж сүүлийн 20 жил хашгирсан ч энэ удаагийн сонгуульд дахиад л МАНАН сонгогдох дүр зураг бий боллоо. Учир нь МАНАН-аас ангид улс төрийн ГУРАВДАГЧ гэгддэг хүчнүүд хүчээ нэгтгэж чадсангүй.
Эвлэж нийлж чаддаггүй Монгол зангаар ШИНЭ ЭВСЭЛ,МАХН-г тойрсон эвсэл…. гэх зэргээр талын нэг тарж одов. Ингэснээр МАН-АН-ын аль нэгд хатуу өгдөг төрийн албан хаагчид, намын гишүүдээс БУСАД-ын саналыг талын нэг тарааж, тарамдуулах нөхцөл бүрдэв. Дээрээс нь бие даагчид нэмэгднэ. Саналаа хуваана.
Дундуур нь нөгөөх л үзэн ядаад байдаг МАНАН гарна гэсэн үг. Тэдний үнэн дүр төрхийг ойлгуулж,улсын төсвөөс хэрхэн хулгай хийж, орд газруудад эзэн сууж буй СҮЛЖЭЭ-г сонгогч нэг бүр ойлгохгүйгээр бид сонгуульд орж болохгүй. Гэтэл сонгогчдын бүх анхаарлыг КОРОНА руу хандуулж, чимээгүй байлгаж байгаад сэмээрхэн сонгууль хийж дахин засаглах тооцоог өнөөдрийн эрх баригчид аль хэдийн хийжээ.
Тиймдээ ч хүн амын тал хувь нь оногдож байгаа Улаанбаатар хот 38 мандаттай байх ёстой ч 26 хан мандат хувиарлаж, харин хөдөө орон нутагт 50 мандат хувиарлаж байна. Хөдөөнөөс МАН үнэмлэхүй ялалт байгуулсаар ирсэн. Цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл одоо биш ирэх жилүүдэд бүр хүнд тусна.
Дээрээс нь 2021 онд манай улс асар их хэмжээний гадаад өр дарах ёстой. Ийм үед яг өнөөдрийн эрх баригчид шиг ойрын бодолтон, овжин худалчууд дахиад сонгогдвол ӨРИЙГ ӨРӨӨР дарж ард түмнээ хууран мэхлэхээс өөрийг хийж чадахгүй . МАНАН-аас нэг өдрийн өмнө ч гэсэн салмаар байна. Гэвч яг ийм нөхцөлд тэд дахин сонгогдох нөхцөл байдал үүсчихээд байна. Корона вирусын халдвар, хөл хорио энэ хэвээрээ үргэлжилж байгаад сонгуулийн санал хураалт боллоо гэхэд сонгогчдын хэдэн хувь нь санал хураалтад оролцох вэ? Дэлхий сөнөх сургаар лаа шүдэнзээ базаагаад уулын аманд бүгсэнтэй адил бид ч өнөөдөр гэр гэртээ бүгж байна..
Сонууль бөөгнөрөлийг бий болгох нь гарцаагүй. Тэд санал хураалтын байр руу насанд хүрсэн гэр бүлийн гишүүдээ явуулах уу? Халдвар авч гэрээ бүлээ эрсдэлд оруулснаар сонгуульд оролцохгүй байсан нь дээр гэсэн сонголтыг л олонхи нь хийнэ. Ирц хүрэхгүй бол сонгуульд дахиад бөөн зардал. Ганц хүн сонгодог Ерөнхийлөгчийн сонгууль дахин хийснээс болж хичнээн зардал гарч байлаа. Сонгуулийн хойшлуулах тал дээр Ерөнхийлөгч дэмжиж байгаа бол Ерөнхий сайд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол хойшлуулахгүй гэсэн байр суурьтай байна. Сонгууль хойшлуулах саналыг Ерөнхийлөгч боломжийг ашиглан дарангуйлал тогтоох нь гэж “сүржигнэцгээв”.
Үндсэн хуулийн 22.1 –д “… онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ” гэснээс үзвэл одоогийн эрх баригчид л эрх мэдлийг үргэлжилүүлнэ. Тэртээ тэргүй 30 жил ахин дахин сонгочихоод цар тахлын үед үсрээд 3 сар үргэлжүүлэн төрийн эрхийг бариулаад хөндлөнгийн ямар нэг нөлөөгүй сонголт хийхэд юу нь болохгүй гэж.
Сонгууль гэж солиорч байгаад халдвар хамгааллаа алдчих юм бол бидний ахуй амьдрал, хүүхдийнхээ сурч боловсрох эрхийг золиослосон хэдэн сарын ЗҮТГЭЛ талаар болно. Хөл хорионд хамгийн их хохирч байгаа хүмүүс бол эмзэг давхаргынхан, мөн бор зүрхээрээ амьдралаа залгуулж буй жирийн иргэд. Ядаж л зах дээр тэрэг түрээд амьдралаа залгуулж буй иргэд хоногийн хоолноосаа салж буй.
Эцэст нь сонгуулиас болж цар тахал тараах, нэмэлт зардал гарлаа гэхэд хариуцлага үүрэх хүн лав олдохгүй.Хар толгойгоороо хариуцлага хүлээнэ гэж хэлсэн хүмүүс нь ч цагаа тулахаар хариуцлага хүлээдэггүй. Халдварт өвчнөөр түрий барьж байгаад ХУЛГАЙ-гаа нууж, ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА дүрээр сонгууль орно гэвэл санасны чинь гарз.Сайн мууг нь дүгнэн тунгааж, дүгнэлт хийх СӨХӨӨ-г сонгогчдод олговол яасан юм бэ??
Сэтгүүлч Б.Отгон 2020.03.30