Улс төр

БНХАУ-ын Засгийн газраас 320 сая төгрөгийн үнэ бүхий тусламж үзүүллээ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвартай тэмцэхэд зориулж 320 сая төгрөгийн үнэ бүхий тусламж үзүүллээ. Тусламжийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныханд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Тодруулбал коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор шаардлагатай эд зүйлс, материал болох халдварын оношлуур 5000 ширхэг, эмнэлгийн болон мэс заслын зориулалттай амны хаалт тус бүр 5000, хамгаалалтын хувцас 1000 ширхэг нийт 320 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсийн тусламж үзүүлж байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрээр “БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг хөрш оронд маань коронавируст халдварын тархалт ихээр газар авч байсанд Монгол хүн бүрийн сэтгэл түгшиж байсан. Гэсэн хэдий ч БНХАУ-ын Засгийн газрын манлайлал дор Хятадын ард түмэн уг халдварын тархалтыг хяналтандаа авч, олон мянган хүн эдгэрч, ард иргэдийн амьдрал хэвийн горимд шилжиж байгаа энэ цаг үед энэхүү тусламжийг хүлээн авч байгаа нь Монголын төр, засаг, ард иргэдэд уг халдварт цар тахлыг зогсоож чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байгааг зориуд цохон тэмдэглэхийг хүсэж байна” гэсэн юм.

Манай хоёр улс гамшигтай тэмцэх сорилтыг даван туулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж байгаа энэ үед хоёр орны эдийн засаг, худалдааны эргэлтийг сэргээн эрчимжүүлэх, Засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн үйл ажиллагааг таслалдуулалгүй үргэлжлүүлэх, Монгол Улсаас БНХАУ-д экспортлох эрдэс баялагийн бүтээгдэхүүний төрөл хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон чухал ажлыг чухалчлан эдийн засгаа сэргээхийн төлөө түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэн өргөжүүлэхийн төлөө ажиллах цаг болсонтой гэдгийг ч Шадар сайд Ө.Энхтүвшин онцлон тэмдэглэлээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Чех испани улсад өгсөн хятадын тусламжийн вирус оншлуурууд ажиллахгүй хуурамч байгаагийн улмаас хятад улсад буцаан өгсөн мэдээлэл байна! Энэ оншлуурууд яг баталгаатай юу?

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close