Эрүүл мэндийн мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү товч мэдээлэл өглөө. Энэ үеэр Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг иргэнээс “Ковид-19” халдвар илэрч, Монгол дахь халдварын тохиолдол 12 болсныг албан ёсоор зарлав.
Тэрбээр “Токио -Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Нийт 206 хүнийг шинжилж дууслаа. Үүргийн онгоцоор ирсэн бүх хүмүүсийг тусгаарлаж шинжилж дууслаа.
Ажиглалт тусгаарлалтын үед эмч нар анхаарал сулруулахгүй ажиллана. Тусгаарлагдсан иргэд ч анхааралтай байх хэрэгтэй. Бидний гол зорилго илрүүлэх. Ойр орчныг нь самнаж илрүүлэх, тандан судлах ажлыг хийнэ.
Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр гээд нийт зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Гуравдугаар сарын 25-нд Сэлэнгэ аймагт тусгаарласан таван сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийж байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлагдсан байна” гэсэн мэдээллийг өглөө.