Хөл хорионы үеийг бие болоод сэтгэлдээ ашигтайгаар өнгөрүүлж болно. Жишээ нь өөрийгөө арчлахад цаг гаргаж болох хамгийн сайхан үе юм. Алдартай од бүсгүйчүүд алжаал тайлах, ашигтай халуун усанд ингэж ордог гэнэ.
Тэд усандаа төрөл бүрийн зүйл нэмж, залуу сайхан байдлаа удаан хадгалж үлддэг аж.
Кофе, сүү, кока-кола гээд супер моделиуд, дуучид, жүжигчдийн төгс арьс, үснийх нь нууц юундаа байна вэ? Сонирхоцгооё.
Супер модель Наоми Кэмпбелл магнез, цуу нэмсэн усанд орж, алжаалаа тайлдаг гэнэ. Энэ нэгдэл нь арьсыг зөөллөж, өвдөлт, стрессийг намжааж, арьсны мөхсөн эдийг гуужуулах шидтэй.
Дуучин Мэрай Кэри сүүтэй ваннд орох дуртай. Энэ нь дуу хоолойг нь сэргээх увдистай гэнэ. Сүүнд агуулагдах өөх тос, уураг нь бие махбодод таатайгаар нөлөөлж, сүүний хүчил нь арьсыг цэвэрлэж, зөөлхөн болгоно.
Модель, жүжигчин Сьюки Уотерхаус кока-колатай ванн үсийг нь гоёмсог болгодог гэжээ. Хийжүүлсэн ундааны ачаар тэрбээр үсээ хөвсгөр, өтгөн харагдуулдаг байна. Энэ ундаа фосфорын хүчилтэй, pH-ийн түвшин маш бага учраас үсийг торгомсог болгодог аж.
“Яахаас ч буцахгүй гэрийн эзэгтэй нар” олон ангит киноны од Тери Хэтчер дарстай усанд орох дуртай. Тэр өөрөө согтууруулах ундаа хэрэглэдэггүй боловч усанд орох дуртай гэнэ. Жүжигчин бүсгүй ванндаа хундага дарс нэмээд арьсыг нь зөөлхөн болгодог гэж тайлбарладаг байна. Усан үзэм бол хүчирхэг антиоксидант чанартай жимс болохоор дарс түүний биед таатайгаар нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй юм.
Кэтрин Зета-Жонс үсээ шар айраг, зөгийн балаар угаадаг. Түүнчлэн тэрбээр үсээ угаах усаа давстай хольдгоос гадна биеийн гуужуулагч, тэжээл өгөгч скрабаар давс хэрэглэдэг. Үсийг шар айргаар угаасны дараа хэдэн өдөр шар айраг үнэртэх сул талтай. Түүнээс биш үсийг эрүүл, гялалзсан болгодог уурах, витамин үүнд хангалттай бий.
Холли Берри кофег гуужуулагч болгон ашиглах дуртай. Тэрбээр усанд орохдоо кофе биедээ нялж, мөхсөн эдүүдээсээ салдаг байна. Кофеин нь арьсыг эрч хүчээр хангаж, татаж, цусны эргэлтийг нь нэмэгдүүлдэг. Үүнээс гадна кофены гуужуулагч целлюлит буюу чулуужсан өөх үүсэхээс сэргийлдэг гэж тэрбээр баталдаг байна.
Женнифер Лопес ваннаа цэцгийн дэлбээгээр дүүргэдэг. Энэ нь залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалахад нь тус болдог гэнэ. Тэрбээр сарнайн дэлбээ, Хималайн давс зэргийг ашигладаг нь биеийн булчинг суллаж өгдөг аж.
Жүжигчин Женьюари Жонс халуун ваннд алжаал тайлах дуртай. Тэрбээр хагас килограмм далайн давс, хүнсний сода усандаа нэмж, 20 минут дотор нь суудаг. Энэ эмчилгээг долоо хоногт 1-2 удаа хийж, биеэсээ хорыг гадагшлуулдаг байна.
Кейт Хадсон ядарсан үедээ нүүрээ мөстэй усаар угаадаг. Хүйтэн ус цусны судсуудыг агшааж, хаванг бууруулж, арьсны гадаргуу хэсгийг элдэв асуудлыг багасгадаг.
Эх сурвалж: bigpicture.ru
Орчуулсан: Э.МАРТ