ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод Ковид19-ийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Хиагт-Алтанбулаг боомтоор Монгол Улсад орж ирэх иргэдийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлэлээ.
Одоогоор хилийн цаана 200 орчим Монгол иргэд байгаа гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. ОХУ-ын Буриадын Эрүүл мэндийн яамнаас Буриадад шинэ коронавирусний халдварын анхны тохиолдол илэрснийг өнөөдөр мэдэгдсэн.
Энэ сарын 24-нд Улаан-Үд хотын лабораторид авсан сорьцоос халдвар илэрсэн бөгөөд Новосибирскийн “Вектор” вирус судлал, биотехнологийн төвд илгээсэн байна. Халдвар авсан хүн нь Буриадын “Титан” группын эзэн Вадима Бреднийн гэргий Раиса Бредний гэнэ. Раиса саяхан Москвагаас ирсэн бөгөөд Москвад халдвар авсан байх магадлалтай гэнэ. Тэрбээр хэд хоног гэртээ ханиад хүрч, өвчтэй хэвтэж байгаад коронавирусний шинжилгээ өгчээ.